Амиа хорлохоос сэргийлэхийн тулд сэтгэл зүйчдээс тусламж
хүсч байна
Европын холбооны
хамгийн ядуу Болгар улсын эрх баригчид эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ
шийдвэрлэж чадахгүй байгаагийн хажуугаар бас нэг асуудал босч ирсэн нь амиа
хорлох үзэгдэл газар буй явдал ажээ. Зөвхөн нэг сарын дотор хомс тарчиг байдал,
амьдралын муу нөхцөлд цөхөрсөн зургаан иргэн “зулын гол” болоод байна. Өөрсдийгөө
шатаах нь тус улсад эрс нэмэгдсээр байгаа амиа хорлох үзэгдлийн нэг хэсэг болж
байгаа аж.
2011 онд 3153 иргэн амиа хорлохоор завдаж, тэдний 796 нь
хорвоог орхисон хэмээн Болгарын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. 2010 онд 2799
хүн амиа егүүтгэхийг оролдож, 783 хүн амиа алдаж байв. 2012 оны дүн хараахан гараагүй
байгаа ч өмнөх оны үзүүлэлтээс давсан нь тодорхой хэмээн тус яамны мэргэжилтэн
Владимир Наков өгүүлэв.
Эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхтэй өрнөж байгаа хотуудад
амиа хорлох үзэгдэл нэмэгдэж байгааг Сэтгэл судлалын үндэсний төвийн
мэргэжилтэн Вихра Миланова ярьж байна. Болгарт тавдугаар сарын 12-нд
хугацаанаас өмнөх сонгууль болно. Тэр хүртэл Засгийн газрыг тэргүүлж байгаа технократ
Марин Райков амиа хорлох эмгэнэлт үзэгдлийг хазаарлахын тулд сэтгэл зүйч,
сэтгэцийн эмч нараас тусламж гуйхаар шийджээ.
Эрүүл мэндийн яамнаас амиа хорлох эрсдэлтэй хүмүүсийг
тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эрүүл мэндийн төвүүдэд
даалгажээ. Гэвч шинжээчид энэ арга хэмжээнд эргэлзэнгүй хандаж байна. Учир нь Болгар
дахь амиа хорлох үзэгдлийн гол шалтгаан нь ядуурал болж байгаа аж. Тус улсад
дундаж цалин 350 евро, ажилгүйдэл 11 хувьтай байгаа юм. Eurostat байгууллагын мэдээлж буйгаар, Болгарын 7.3 сая иргэний 22 хувь нь 155 евро
хүрэхгүй цалинтай, 49 хувь нь цалингийн доод хэмжээнээс доошоо унах эрсдэлтэй
байдаг аж. Тус улсын супермаркетуудад нэг литр сүү нэг еврогийн үнэтэй байгаа
нь амьдралын чанар сайтай Вена, Лондон зэрэг хоттой адил байгаа юм. Амиа хорлох
үзэгдлээс сэргийлэх хамгийн сайн арга нь сарын доод цалинг 500 еврод хүргэх
хэмээн сэтгэл судлаач Анета Аничкина үзэж байна. “Цалинг ийм хэмжээнд
хүргэчихвэл тэр “эрсдэлтэй” хүмүүст сэтгэл судлаач хэрэггүй болно. Учир нь амиа
хорлож буй хүмүүс нь сэтгэцийн өвчтэй хүмүүс биш” хэмээн тэрээр өгүүлэв.
Тиймээс хэн, хэзээ амиа егүүтгэхийг тааварлах боломжгүй ажээ.
Сүүлийн нэг сард өөр дээрээ шатахуун асган шатаасан
зургаан хүний хоёр нь амьд байгаа ч амь нас нь аюултай байгаа аж. Өнгөрсөн
хоёрдугаар сарын 18-нд Велико Тарново хотод 26 настай залуу өөрийгөө шатааснаар
болгарууд “Зулын гол” болох давалгаа эхэлсэн байна. Хамгийн сүүлд, энэ сарын 20-нд Ситово сууринд 41 настай ажилгүй
нэгэн эр өөрийгөө шатаажээ.
36 настай нэг эр далайн эргийн Варна хотын захиргааны
байрны өмнө “Зулын гол” болсны дараа Раднево хотын захиргааны ордны өмнө 53
настай, таван хүүхдийн эцэг мөн л өөрийгөө шатаасан байна. Нийслэл Софи хотын
Ерөнхийлөгчийн ордны өмнө нэгэн мужаан бухимдлаа илэрхийлэн өөрийгөө галджээ.
“Нийгэмд хэрэгцээгүй болсноо мэдэрч, гэр бүлдээ тусалж
чадахаа больсон учраас” хэмээн тэд энэ үйлдлээ зөвтгөж байна. “Энэ бол
эсэргүүцлээ илэрхийлэх нэг хэлбэр, улстөрчдөд хандсан уриа дуудлага” хэмээн
судлаач Харлан Димов ярилаа. Болгар иргэд амьдралаа авч явахын тулд олон жил
тэмцэж, нийгэм буруу чиглэлд явж байсны гор нь өнөөдөр гарч байна хэмээн тоймч,
ажиглагчид үзэж байна.
No comments:
Post a Comment