Monday, May 9, 2016



Хоакин Гусманыг АНУ-д шилжүүлж өгөх шийдвэр гаргажээ

Мексикийн шүүх хар тамхины мафийн толгойлогч Хоакин Гусманыг АНУ-д шилжүүлж өгөх шийдвэр гаргалаа. Үүний дараа түүнийг Америк, Мексикийн хил дээрх Сьюдад-Хуарес хотын чанга дэглэмтэй шоронд авчирчээ. АНУ түүнийг мөнгө угаалт, хар тамхины наймаа, хүн амины хэрэгт буруутгаж байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсан ч эцсийн шийдвэрийг Мексикийн Хууль зүйн яам гаргах ажээ. Гусманы өмгөөлөгчид энэ шийдвэрийг хүний эрхийг зөрчсөн хэмээн үзэж давж заалдаад байна.
Хоакин Гусман 1980-аад онд “Синалао” мафийг үүсгэн байгуулж Мексикээр дамжин АНУ руу ордог хар тамхины наймааны дөрөвний нэгийг хянаж байв. Тэрээр Мексикийн шоронгоос хоёр удаа оргожээ. 1993 онд баривчлагдаж 23 жилийн ял авсан ч 2001 онд цагаан хэрэглэлтэй сагсанд нуугдан оргожээ. 2014 оны хоёрдугаар сард дахин баригдсан ч өнгөрсөн онд газар доогуурх хонгилоор дамжин оргосон юм. Гэвч энэ оны нэгдүгээр сард баригджээ.

Хоакин Гусман 2009-2011 онд “Форбс” сэтгүүлээс гаргадаг дэлхийн баячуудын жагсаалтад 41, 60, 55-д бичигдэж байжээ. Тэрээр нэг хэсэг Карлос Слимийн дараахь Мексикийн хамгийн хүчирхэг хүн хэмээн нэрлэгдэж байсан юм. Гусман 2011 онд 1.14 тэрбум долларын хөрөнгөөр Мексикийн арван тэргүүн баяны нэгээр тодорч байв. “Бүх цаг үеийн хамгийн том мафийн толгойлогч” хэмээн нэрлэгдэж байсан “Тагжгар” хочит Хоакин Гусман Колумбын мафийн зартай толгойлогч Пабло Эскобарыг нэр хүндээрээ даван гарчээ. 2013 онд АНУ-ын Чикаго хотын Гэмт хэрэгтэй тэмцэх хороо түүнийг Чикаго дахь гэмт хэргийн сүлжээнд нөлөө бүхий “Ардын дайсан номер нэг” хэмээн нэрлэж байсан юм. Түүнээс өмнө энэхүү “хэргэм цол”-ыг 1930 онд цуутай Аль Капоне авч байсан билээ. Гусманы “Синалоа” мафи Колумбаас гаралтай кокаиныг Мексикээр дамжуулан АНУ-д оруулж, АНУ даяарх сүлжээгээрээ дамжуулан түгээдэг байв. Тэрээр 2014 онд баривчлагдах хүртлээ АНУ-д 500 тн хар тамхи оруулсан байсан нь ямар ч мафийн гаргаж байгаагүй “рекорд амжилт” ажээ. 

No comments:

Post a Comment