Алеппод гал зогсоох талаар ОХУ-тай тохиролцоонд хүрчээ
АНУ-ын Төрийн департамент Сирийн газар нутаг дээрх гал
зогсоох гэрээг одоо ч Засгийн газрын цэрэг болон сөрөг хүчний хооронд дайн,
тулаан үргэлжилсээр байгаа Алеппо мужийн газар нутаг дээр өргөжүүлэх талаар
Москватай тохиролцоонд хүрснээ зарлалаа. ОХУ Башар Асадын цэрэг Алеппод цохилт
өгөхийг зогсоож дөнгөнө хэмээн амласан аж. Сирийн Засгийн газрын арми энэ
мэдээллийг баталж, Алеппод өнөөдрөөс эхлэн гал зогсоох гэрээ мөрдөгдөж эхэлнэ
хэмээн мэдэгдлээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь
Конашенков ч энэ мэдээллийг баталж Алеппо дахь эвлэрэл, гал зогсоолт тавдугаар
сарын 7 хүртэл үргэлжилнэ хэмээн зарлав.
Америк, Оросын төлөөлөгчид хэд хоногийн өмнө Сирийн гал
зогсоолтыг Алеппо мужийн газар нутаг дээр хэрэгжүүлэх талаар ярилцаж байсан юм.
Сирид байлдаж буй бараг бүх бүлэглэл, талуудын хооронд гал зогсоох гэрээг хоёр сарын
өмнө Москва, Вашингтоны зуучлалтайгаар байгуулан гарын үсэг зурсан билээ. Гэвч
энэ нь олон улсын хэмжээнд террорист хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хоёр бүлэглэлд
хамаагүй. Мөн ОХУ энэ гэрээг Алеппо мужид хэрэгжүүлэхийг анхандаа татгалзаж,
Латаки, Дамаскийн газар нутгийг эвлэрлийн бүсэд оруулахыг зөвшөөрөөд байсан юм.
Америк болон түүний холбоотнууд “Исламын улс” бүлгийн байрлалд агаараас цохилт
өгсөн хэвээр байна.
Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглалтын төвөөс
мэдээлж буйгаар, сүүлийн хэд хоногт Алеппо дахь тулаанд хэдэн арван энгийн
иргэн амиа алджээ. Өнгөрсөн хоёр долоо хоногт гэхэд л Алеппо дахь байлдаан,
тулаан ширүүсч 300 орчим хүн амь насаа алдсан хэмээн үзэж байгаа аж. Босогчид
Ливаны “Хезболла” бүлгийн дайчдын тусламжтайгаар хотын баруун хэсгийг эзэлж
Засгийн газрын цэргийг хөөн гаргах гэж оролдоод амжилгүй ухарчээ. Энэ тулааны
үеэр Сирийн Засгийн газрын армийн 40 орчим цэрэг, арав гаруй босогчид амь
эрсэдсэн хэмээн Ройтерс агентлаг уламжлав. Харин Сирийн армийн төлөөлөгч
мэдэгдэж буйгаар, тэд ноцтой хохирол амсаагүй, энгийн иргэд, босогчид амь
үрэгдсэн ажээ. Гурван жилийн өмнө хоёр сая гаруй хүнтэй байсан Алеппо мужаас
нэг сая гаруй хүн дүрвээд байна. Ширүүн тулаан өрнөсөөр байгаа Алеппо хотод
хүмүүнлэгийн байдал эрс муудаж, иргэд хоол, ундны усаар гачигдаж байгааг хүний
эрхийн байгууллагууд мэдэгдсээр байна.
No comments:
Post a Comment