Tuesday, May 10, 2016



Барак Обама Хирошимад зочлоно, гэхдээ уучлал гуйхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын сүүлчээр хүн төрөлхтний өөрийгөө устгах хүч чадлын билэгдэл болсон Японы Хирошима хотод зочилж Ерөнхийлөгчийн замналынхаа төгсгөлд нэгэн хуудас нээх гэж байна. 1945 оны наймдугаар сарын 6-нд анхны цөмийн бөмбөгийг хаясан улсдаа айлчилж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч нь Обама болох юм. Тэрээр уучлал гуйх бодолгүй байгаа ч дайны хор хохирлыг хүлээн зөвшөөрч, цөмийн зэвсэггүй дэлхийн төлөө үг хэлэх ажээ. Цөмийн нэг бөмбөг хэдэн сая хүнийг устгаж чадна гэдгийг харуулсан цөмийн эрин үе Хирошимагаар эхэлсэн юм. Энгийн иргэд дээр цөмийн бөмбөг хаясан цорын ганц улс нь АНУ. Хирошима, гурав хоногийн дараа Нагасаки дээр хаясан бөмбөг 200 гаруй мянган хүний аминд хүрсэн билээ. Япон дээр цөмийн бөмбөг хаясанаар милитарист Японыг бууж өгөхөд хүчилж, дэлхийн II дайны төгсгөлийг хурдасгасан хэмээн энэ үйл явдлыг өмгөөлөн хамгаалагчид тайлбарладаг.
Айлчлалын цаг мөч ч ихээхэн тохиромжтой байна. Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж, сөрөг хүчнийхэнд шүүмжлээд байх орон зай бага үлджээ. Тэр цагаас хойш долоон арван өнгөрч, харин Обама 60-аад онд хүмүүн биеийг олсон нь Хирошима, Нагасакийг халуун дулаан сэтгэлээр харах боломжийг олгожээ. Бүс нутаг дахь Хятадын хүч, нөлөөг Азийн зарим орон түгшингүй харж байгаа өнөө үед болж буй энэ айлчлал дэлхийн II дайнд ялагдсаныхаа дараа АНУ-ын холбоотон болсон Японтой харилцаагаа зузаатгахад тустай. Мөн 2009 онд Нобелийн энх тайвны шагнал авч байсан Обамагийн цөмийн зэвсгийг цөөрүүлэх санаачилгатай холбогдож байгаа юм. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараахан Прага хотод үг хэлэхдээ “Цөмийн зэвсгийг хэрэглэсэн цорын ганц улсын хувьд АНУ-д санаачилж хөдлөх ёс суртахууны хариуцлага бий” хэмээн онцолж байв.
Б.Обама бүрэн эрхийнхээ хугацаанд цөөнгүй зүйлсийг зоригтойгоор хүлээн зөвшөөрсөн билээ. Кубатай хагас зууны турш хүйтэн хөндий харилцаж ирсэн нь алдаа байсан, 1953 онд Иранд, 1976 онд Аргентинд төрийн эргэлт болоход АНУ оролцсон гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрсөн юм. Обама Америкийн өвөрмөц, цорын ганц, хүн төрөлхтний түүхэнд онцгой үүрэг хүлээдэг байдлыг хамгаалахын оронд бусад улс орноос уучлал гуйхад хамаг цагаа зориулж байна хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байдаг.

Цагаан ордны эзний Хирошимад хийх айлчлал багагүй маргаан дагуулах бололтой. Обамагийн айлчлалыг олон америк иргэн магадгүй АНУ-ын хамгийн сүүлчийн баатарлаг, ялгуусан дайн болох дэлхийн II дайнд тулалдаж байсан цэрэг эрсийг доромжилсон хэрэг болно хэмээн үзэж байна. Хэрвээ Хирошимагийн хэрэг явдлын төлөө уучлал гуйвал АНУ дайны гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн явдал болно хэмээн зарим тоймч, ажиглагч үзэж байна. Гэвч Обамагийн зөвлөх  Бен Родс “Дэлхийн II дайны төгсгөлөөр цөмийн бөмбөг хэрэглэсэн шийдвэрийг шүүн хэлэлцэхгүй. Харин хоёр улсын хамтын ирээдүйн талаар санал бодлоо солилцох болно” хэмээн ярьжээ. Обама цөмийн бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, дайны аймшигтай хор хохирлыг хүлээн зөвшөөрөх гэж байна. 

No comments:

Post a Comment