Sunday, May 29, 2016





Буудуулсан гориллагийн төлөө хүүхдийн эцэг эхийг шийтгэхийг шаардав

АНУ-ын Цинциннати хотын амьтны хүрээлэнгийн Харамбе хэмээн горилла сармагчингийн хашаанд дөрвөн настай хүүхэд унасан хэрэг явдал АНУ-д ихээхэн шуугиан тарьж байна. Жаалхүү аварга гориллатай 10 минут хамт байсны эцэст хүүхдийг аврахын тулд гориллаг буудаж устгасан билээ. Энэ хугацаанд горилла жаалыг ийш тийш нь чирж гулдарч явсан ч илт түрэмгийлж халдаагүй аж. АНУ-д зургаан мянга орчим хүн гарын үсэг цуглуулж хүүхдээ анзаарагагүй орхисон эцэг эхийг шийтгэхийг хүсчээ. “Хүүхдээ анхааралгүй орхисон эцэг эхээс болж горилла сармагчин алууллаа. Хүүхдээ сайн харж, авч явсан бол тэр хашаа руу унахгүй байсан. Эцэг эх нь үүний төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн “Харамбед шударга ёс” хөдөлгөөний хүсэлтэд онцолжээ.
Хэдийгээр горилла хүүхэд рүү довтлохгүй байгаад байсан ч нөхцөл байдал урьдчилан таамаглашгүй хэцүү байсан тул буудаж устгах шийдвэр гаргасан хэмээн Цинциннати хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгдэв. Харамбе гориллаг нойрсуулагчаар буудах санал гаргасан ч энэ нь шууд бус, хэсэг хугацааны дараа унтуулдаг тул аюултай гэж үзжээ. Тиймээс амьтны хүрээлэнгийн чимэг болсон аварга гориллаг шууд буудаж устган хүүхдийг аварчээ.

700 гаруй цагаач сураггүй алга болжээ

Европыг зорин Газар дундын тэнгист явж байсан 700 гаруй цагаач сураггүй алга боллоо хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан хорооноос мэдэгдлээ. Тэдний ихэнх нь амиа алдсан байх магадлалтай байна. Хорооны тэргүүн Карлотта Самигийн ярьснаар, цагаач, дүрвэгсдийг авч явсөн хөлөг онгоц осолдсон аж. “Одоогоор бүрэн бүтэн мэдээлэл алга. 700 орчим цагаач бүгд далайд живсэн байж магадгүй байна” хэмээн тэрээр хэллээ. НҮБ-аас мэдэгдэж буйгаар, он гарсаар Газар дундын тэнгисээс 40 мянга гаруй цагаачийг аварсан байна. Энэ долоо хоногт гэхэд л таван мянга 600 хүнийг живж үхэх аюулаас аварчээ.

Бүх юмаараа адилхан гурван ихэр

Байгалийн жамаар энэ хорвоод мэндэлсэн Роман, Рокко, Рохан хэмээх гурван ихэр хүү усны дусал мэт бүх юмаараа адилхан байгаа нь 200 саяд нэг тохиодог сонин зүйл болж байна. Английн Ливерпүүл хотын ойролцоох Гейтакр тосгоны уугуул, 23 настай Беки-Жо Аллен хэмээх бүсгүй хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэртэй болжээ. Гурван ихэр дөнгөж мэндэлснийхээ дараа зарим толбоороо ялгагддаг байсан ч гэртээ гарч ирсний дараа огт ялгагдахгүй болсон байна. Ихрүүд хоорондоо бүх юмаараа адилхан төрсөн эсэхийг мэдэх ганц арга байдаг нь DNA эсийн шинжилгээний аргаар адил төстэй талыг нь тогтоох. Хатагтай Аллен Роман, Рокко, Рохан нарын хацарнаас дээж авч лаборатори руу шинжилгээнд илгээхэд тэднийг генетикийн хувьд ч адилхан гэсэн дүн гарчээ. Эд эс нь хүртэл адилхан ихрүүд 200 саяд нэг тохиолддог юм байна.
“Ихэр хүүхэд гэж мэдэж байсан ч гурван ихэр гэж мэдээд итгэж өгөөгүй. Тэд бараг л ижил жинтэй мэндэлсэн, хэдэн арван граммын л зөрүү байсан. Зүс царайны хувьд үнэндээ ялгагдахгүй. Харин одоо зан аашаараа ялгагдаж эхлээд байна. Рохан илүү чанга дуутай, байнга л шулганаж байдаг. Рокко ихэнхдээ тайван хэвтэж байдаг ч бас хөдөлгөөнтэй үедээ хөдөлгөөнтэй. Роман үргэлж л нэг юм булаацалдаж байдаг харамч нөхөр байгаа юм” хэмээн Беки-Жо Аллен ярилаа.  
Гурван ихэр Индиана хэмээх эгчтэй. “Индиана дүү нартаа их хайртай. Гэхдээ заримдаа гурван ихэр дүүгээ харж, зууралдаж өснө гэхээр охиноо өрөвдөх шиг болдог” хэмээн ээж нь өгүүлэв.

Аристотелийн шарилыг олжээ

Грект 20 жилийн турш эрэл хайгуул, малтлага хийсний эцэст археологч Константинос Сисманидис суут гүн ухаанч Аристотелийн оршуулгыг олжээ. Тэрээр энэ тухайгаа Салоника хотод болсон “Аристотель – 2400 жил” бага хурал дээр зарласан байна. Эртний Грекийн гүн ухаантан мөнх нойрсож буй газрыг аль 1996 онд олж мэдсэн юм. Гэвч Платоны шавь, агуу сэтгэгч Аристотелийн шарилыг олж гаргахад 20 жил зарцуулсан ажээ. Агуу жанжин Александр Македонскийн сурган хүмүүжүүлэгч Аристотелийн бунхан Халкидики хойг дээрх Олимпиа буюу эртний Стагир тосгонд байгаа хэмээн таамаглаж байсан нь алдсангүй. Суут гүн ухаантан Аристотель Манай эрины өмнөх 384 онд Стагир тосгонд мэндэлжээ. Тэрээр учир зүйг эсрэг талтай нь зэрэгцүүлэн баталдаг арга болон гүн ухааны олон талт системийг нээсэн юм. Эртний Грекийн гүн ухаан нь Дундад зууны Европын үзэл санааг бий болгосон хэмээн үздэг ажээ. 

No comments:

Post a Comment