Sunday, May 8, 2016





Тэтгэврийн шинэчлэлийн хууль маргаан дэгдээв

Грекийн парламент маргаан дагуулаад байсан тэтгэврийн хуулийн шинэчлэл, татварыг нэмэх асуудлыг тусгасан хуулийн төслийг баталжээ. Олон улсын санхүүгийн тусламж авахад шаардлагатай хуулийн төслийг хэлэлцэх явцад Грекийн олон иргэдийн зэвүүцлийг хүргэсэн юм. Улс орон даяар хоёр өдрийн турш бүх нийтийн ажил хаялт болж, нийтийн тээвэр, мэдээллийн хэрэгслүүд ажилласангүй. Грек улс дараагийн таван тэрбум долларын тусламжийг авахын тулд тэтгэврийн зардлаа хасах хэрэгтэй байгаа билээ. Европын холбооны улсууд өнөөдөр уулзаж Грекийн өрийн асуудлаар ярилцахаар болоод байна.
Татварын болон тэтгэврийн шинэчлэлийн хуулийг эсэргүүцсэн иргэд Афин дахь парламентын ордны гадаа жагсаж цагдаа нартай мөргөлдөөн үүсгэжээ. Зарим жагсагч цагдаа нар руу галт бөмбөг шидэж, цагдаа нар нулимс асгаруулагч хийгээр хариу барьжээ.

Самарад “Дэлхийн цом-2018”-ын цэнгэлдэхийн ажил зогсов

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт болох Самара хот дахь цэнгэлдэхийн барилгын ажил зогссон тухай ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко мэдэгдлээ. Мутко барилгын ажил зогссон шалтгааныг нэрлээгүй ч графикт ажил нь гурван сараар хоцорч байгааг хэлсэн байна. Оросын хэвлэлд бичиж буйгаар, захиалгыг гүйцэтгэгч компани цэнгэлдэхийн барилгын төсвийг нэмэхийг шаардсан тул ажлыг нь зогсоосон аж. “Дэлхийн цом-2018”-ын зохион байгуулагчид “Энэ асуудлыг тусгай хороо хэлэлцэж, ерөнхий гүйцэтгэгчийг солих талаар ярилцана” гэжээ. 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын 11 хотод (Москва, Санкт-Петербург, Казань, Нижний Новгород, Волгоград, Самара, Саранск, Сочи, Ростов-на-Дону, Екатеринбург, Калининград) болно. “Самара Арена” цэнгэлдэх нь 45 хүний суудалтай байх бөгөөд дэлхийн аваргын тэмцээний зургаан тоглолтыг хүлээн авах юм.

Д.Трамп: Баячууд илүү татвар төлөх ёстой

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь бараг тодорхой болоод байгаа тэрбумтан Дональд Трамп баян америкууд илүү их татвар төлөх ёстой хэмээн үзэж байна. Тэрээр Америкийн жирийн иргэдийн татварыг бууруулна хэмээн амлажээ. Тэрээр NBC телевизэд ярилцлага өгөхдөө “Энэ бол шударга санаачилга. Баячууд илүү их татвар төлөх нь шударга гэж бодож байна. Би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал энэ талаар Конгресстэй ярилцах болно” хэмээн хэлжээ. Трамп дундаж ангид илүү анхаарал тавьж, татварыг нь бууруулна, цалингийн доод хэмжээг дээшлүүлнэ хэмээн амлаж байна. Гэвч түүний эдгээр санал Бүгд найрамдах намын бодлоготой зөрчилдөж байгаа ажээ.

Хар тамхины мөнгө угаагчийг баривчилжээ

Колумбын цагдаа Америкийн хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнуудтай хамтран хар тамхины мафийн мөнгийг угааж, хууль ёсны болгох тал дээр дэлхийд тэргүүлдэг Нидаль Вакед Хатумыг баривчилжээ. Түүнийг тавдугаар сарын 4-нд Богота хотын Эль-Дорадо нисэх буудлаас баривчилсан байна. Нидаль АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан юм. Тэрээр мафийн мөнгийг угаасан, банкны луйвар хийсэн хэрэгт буруутгагдаж байгаа ба Америкийн хуулиар 30 жилийн ял авч магадгүй байна. Колумбын цагдаа Вакед Хатумыг АНУ-ын талд шилжүүлэн өгөх шийдвэр гаргажээ.
Ливан гаралтай бизнесмэн Нидаль Вакед Хатум нь Панамын иргэншилтэй бөгөөд Панамын хамгийн баян гэр бүлд харъяалагддаг аж. Түүний гэр бүлийн мэдэлд банк, брокерийн пүүс, худалдааны төв, үл хөдлөх хөрөнгө, хэвлэл мэдээллийн байгууллагууд байдаг. Дэлхийн 14 оронд салбартай эдгээр компаниудад зургаан мянга орчим хүн ажилладаг ажээ.

П.Порошенко: Оросууд Украингүйгээр дэлхийн II дайнд ялж чадахгүй байсан

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Орос улс Украингүйгээр дэлхийн II дайнд ялж чадахгүй байсан хэмээн мэдэгдлээ. Тэрээр Дурсгалыг хүндэтгэх өдрөөр Улаан арми, Украины босогчдын армийн ахмад дайчидтай уулзах үеэрээ ийнхүү ярьжээ. Өнгөрсөн оны Дурсгалыг хүндэтгэх өдрөөр Порошенко мөн ийм мэдэгдэл хийж байсан билээ. Украины иргэд дэлхийн II дайнд нацизмын эсрэг Улаан арми, Зөвлөлтийн партизаны отряд, Украины босогчдын арми болон Гитлерийн эсрэг эвслийн цэргийн нэгтгэлийн бүрэлдэхүүнд багтан тулалдаж байсныг Украины лидер онцолжээ. “Түүхийн маргашгүй баримт байсаар байхад Орос улс Украингүйгээр дайнд ялах байсан гэж увайгүй ярьж болохгүй. Тэд украинуудгүйгээр дайнд ялж чадахгүй байсан. Өөр өөрийн байранд зогсож фашизмтай тэмцэж, асар их үнээр өөрсдийгөө золиослож байсан бүх хүн бидний гэрт энх тайвныг авчирч Европын ард түмэнд бэлэглэсэн юм” хэмээн тэрээр хэлжээ. 

No comments:

Post a Comment