Дэлхийн брэндүүдийг Apple дахин тэргүүлэв
Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн үнэ цэнэтэй
брэндүүдийн жагсаалтыг Америкийн Apple корпорац дахин тэргүүллээ. Apple-ийн үнэ
цэнийг 154 тэрбум доллар хэмээн үнэлжээ. Түүний араас Google (82,5 тэрбум
доллар), Microsoft (72,5 тэрбум доллар), Coca-Cola (58,5 тэрбум доллар),
Facebook (52,6 тэрбум доллар) жагсаж байна. Apple корпорацийн ашиг 13 хувиар
буурч, сүүлийн үед санхүүгийн үзүүлэлт нь онцгүй байгаа ч жагсаалтыг тэргүүлж
чадсан аж. Хамгийн сүүлд гаргасан iPhone загварын ухаалаг гар утасны борлуулалт
өмнөх загварын борлуулалтаас буурсан нь ийнхүү нөлөөлсөн ажээ. Гэсэн хэдий ч Apple
нь хосгүй брэнд нэрээ хадгалан үлдэж, тэдэнтэй дүйцэх бодит өрсөлдөгч байхгүй
байна хэмээн Америкийн сэтгүүл онцолжээ. Нэр хүнд бүхий Forbes сэтгүүлээс жил
бүр гаргадаг чансааг тус корпорац зургаан жил тасралтгүй тэргүүлж байна.
“Худалдан авагчид хэрхэн хүлээн авч байгаагаас
брэндүүдийн нэр, нөлөө тодорхойлогдож байдаг. Хэрэглэгчид тухайн брэндийн
бүтээгдэхүүнийг ямар ч үнээр хамаагүй худалдаж авахад бэлэн болчихсон байдаг.
Тэд гагцхүү тэр л брэнд, логонд итгэж худалдаж авдагт л тухайн компанийн үнэ
цэнэ оршиж байдаг” хэмээн Пенсилванийн их сургуулийн маркетинг, брэндингийн
багш Давид Робстейн ярилаа. Apple-ийн сүүлийн загварууд нь жишээлбэл Samsung-ийн
ухаалаг гар утаснуудаас нэг их ялгарахгүй байгааг шинжээчид хэлж байгаа юм.
Яагаад хоёр корпорац зах зээл дахь өрсөлдөөнөө булаацалдан, тенологийн болон
дизайнерийн шийдэл дээр нэг нэгнээ шүүхэд өгөөд байдгийг эндээс харж болно. Гэсэн
хэдий ч Apple-ийн бүтээгдэхүүнүүд Samsung-аас илүү борлуулалттай байсаар байгаа
юм.
Хоёрдугаарт бичигдэж байгаа Google компани Apple-аас хол
хоцорч байгаа ч энэ зайгаа улам ойртуулсаар байгаа аж. Интернэтийн эрэл
хайгуулын энэ брэндийн үнэ цэнэ энэ онд 26 хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр Google
нь боломж, хүчин чадлаараа жишээ нь, эрэл хайгуулын Bingo системээс нэг их
ялгарахгүй байгаа ч хэрэглэгчид Google-ийг эрхэмлэсэн хэвээр байна. Давид
Робстейний үзэж буйгаар, Google нь “Интернэтэд хайгуул хийх” гэсэн ойлголттой
дүйж хосгүй брэнд болж чадсан аж. Бусад пүүс, компани лого, билэгдэлээ нэг
янзаараа байлгадаг бол Google компани бараг өдөр болгон өөрчилж, цаг үе,
дурсгалт өдөртэй холбогдуулан “гоёж чимэглэдэг”-ээрээ хэрэглэгчдийг ихээхэн
татаж чаддаг. Дэлхийн хамгийн үнэтэй 25 брэндэд IT, IBM, Intel, Toyota, BMW,
Mercedes-Benz, Honda, Disney, McDonalds оржээ.
No comments:
Post a Comment