Хойд Солонгост саатуулагдсан 10 цаг
ВВС-ийн сэтгүүлч Руперт Вингфилд-Хайес өнгөрсөн долоо
хоногт Хойд Солонгосоос хөөгдөж, хийсэн сурвалжлагынхаа төлөө уучлал гуйх
хэрэгтэй болсон юм. Тэрээр 10 цагийн турш “алга болж” байцаагджээ. Англи
сэтгүүлч тухайгаа хүүрнэж байна.
Хойд Солонгост долоо хоносны дараа буцахад бэлэн болоод
байлаа. Нобелийн гурван шагналтан тэргүүтэй төлөөлөгчдийг дагаж сурвалжлана
гэдэг тун амаргүй, дарамттай даалгавар байлаа. Миний хөдөлгөөн бүрийн хянах
таван бие хамгаалагчгүйгээр хаашаа ч явж болдоггүй байлаа. Шөнө болохоор
ВВС-ийн багийг нэгэн тосгонд аваачиж сайтар харуул хамгаалалттай байшинд
хорьчихдог байв. Бүгд л гомдоллож, учирлаж байсан. Тэр үед бидний хойд солонгос
бие хамгаалагчид ширүүн авир үзүүлдэг байв. Бээжинд үдшээр сайхан амарч, хүйтэн
шар айраг ууж байсан үеэ бодохоос өөр зүйл хийж чадахгүй байсан.
Пхеньяны нисэх онгоцны буудал дээр цагаачлалын албаны
эмэгтэй яагаад ч юм паспортыг минь их л удаан шалгав. Бусад бүх зорчигч
хүзүүвчний хаалга руу орсны дараа миний паспорт дээр тамга дарлаа. Ер нөхцөл
байдал жаахан сонин байсан ч тэр даруйдаа сэтгэл минь түгшсэнгүй.
Дараа нь хилийн харуул намайг зогсоогоод дижитал дуу
хураагуурыг минь аваад “Энийг шалгах хэрэгтэй байна” хэмээн хэллээ. Нэг өрөөнд
оруулаад өөр нэг харуул хураагуурыг минь компьютерт залгаж файлуудыг нь нээх
гэж оролдлоо.
“Юу болсон бэ? Наадахад чинь юу ч байхгүй” гэж хэлэхэд “Зүгээр
л хүлээж бай” гэлээ.
“Хүлээж чадахгүй нь. Бээжингийн онгоцондоо суух хэрэгтэй
байна” гэлээ.
“Онгоц хөөрчихсөн. Та Бээжин явахгүй” хэмээн харуул
нухацтай хэлэв. Энэ үед сэтгэлд түгшүүр асч, улам нэмэгдлээ. Үнэн байлаа,
Бээжингийн онгоц хөөрчихсөн, би Хойд Солонгост үлдсэн байлаа. Гэвч үнэн
хэрэгтээ, хамтран зүтгэгч Мария Бирн, Матью Годдард нар хүзүүвчний хаалганы
цаана байхдаа онгоцонд ор хэмээн шаардаж байсан харуулуудыг эсэргүүцэн хашгирч
байсан юм байна лээ. Тухайн үед бол би үүнийг мэдээгүй. Гэнэт бидний бие
хамгаалагч хийж байсан хоёр хүн гарч ирээд “Таныг дээд тушаалын хүнтэй уулзуулна.
Бүгдийг тодруулах болно” гэв.
Намайг гаргаж гадаа байгаа машинд оруулаад хоёр талд нэг
нэг харгалзагч суув. Пхеньяны хоосон шахуу гудамжаар явж байхад хэн ч юу ч
ярьсангүй. Цонхоор харж явахдаа юу болох бол хэмээн эргэцүүлж явлаа. Хойд
Солонгост бүр дээд албанаас зөвшөөрөл авсан ч сэтгүүлчийг баривчилж орхидгийг
саналаа. Зочид буудлынхаа өрөөнд байсан суртал ухуулгын зурагт хуудсыг
хулгайлсан хэргээр 15 жил албадан хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлсэн америк
оюутан Отто Вармбир санаанд орж байна. Машин нэгэн хуучин, саарал зочид буудлын
өмнө зогслоо. Цэргийн орчинтой, Ким Ир Сен, Ким Чен Ирийн хөрөгтэй нэгэн
танхимд оруулан суулгав. Хэдэн цэргийн хүн орж ирээд урд минь суулаа. Ахлах нь
эхэлж ярьж байна. “Ноён Руперт, энэ уулзалт тун хурдан, амархан өнгөрнө. Зөвхөн
таны хандлагаас шалтгаална” гэлээ.
Миний сурвалжлагыг солонгосуудыг доромжилсон өнгө аястай
хэмээн хэлж, алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв. Нобелийн шагналтнуудын
айлчлалыг дагалдан явахын хажуугаар бэлтгэн ВВС-ийн веб сайт гаргасан гурван
хуудас сурвалжлагыг минь цаасан дээр хэвлэн үзүүлж “Та солонгос хүмүүсийг
муухай гэж үзэж байгаа юм уу” хэмээн ахлах офицер нь асуулаа. “Үгүй” хэмээн
хариулав. “Солонгос хүмүүс нохой шиг ярьдаг хэмээн үзэж байгаа юм уу” хэмээн
асуухад бас л “Үгүй” хэмээн хариуллаа. “Тэгвэл яагаад ийм зүйл бичээд байгаа юм
бэ” хэмээн хашгирлаа.
Надад нэг нийтлэлийг харуулж, доромжилсон хэмээн үзсэн
мөрүүдийг доогуур нь хараар зурсан байв. Гэвч энэ нь муу орчуулга байсан юм. “Та
нарын яриад байгаа зүйлийг би бичээгүй” гэлээ. Ахлах офицер нүдээ эргэлдүүлж “Би
Английн уран зохиолыг судалж байсан хүн. Таны хэрэглэсэн үг, хэллэг ямар
утгатайг ойлгохгүй байна гэж бодоод байна уу” гэв. Зарим албаны хүмүүсийн нүүр царай
болон нохойн дууг нь баргар, дүнсгэр (grim-faced) гэж бичсэнийг хэлээд байгаа
бололтой. Намайг алдаагаа хүлээ хэмээн хоёр цагийн турш шаардсаны дараа ахлах
офицер нь гараад явав. “Таны хандлага байдлыг хүндрүүлэх нь дээ. Бидэнд өөр
арга алга, мөрдөн шалгалтыг эхлүүлэхээс” гэж хэллээ. Энэ үед нэг залуухан хүн
орж ирээд “Намайг хэн болохыг мэдэж байна уу” хэмээн асуув. Мэдээж “Үгүй”
гэлээ. “Би шүүхийн хүн байна. Би Кеннет Баегийн хэргийг шалгаж байсан. Одоо
таны хэргийг шалгана” гэв.
Энэ үед дотор муухайрч, чичрэв. Солонгос-америк Кеннет
Бае 2013 онд Пхеньянд 15 жилийн ял сонссон билээ. Тэд нөгөө л буруутгалаа
давтсаар сүүлд нь “Ноцтой гэмт хэрэг”-ийн тухай ярьж эхлэв. Солонгосын ард
түмнийг, улс үндэстнийг гутаан доромжилсон хэрэг тулгаж эхэллээ. Таван цаг
өнгөрөв. Пхеньяны өөр нэг зочид буудалд түгшүүрийн харанга дэгдсэнийг би яахан
мэдэх билээ. Азийг хариуцсан захирал Жо Флотогоор ахлуулсан ВВС-ийн өөр нэг баг
Пхеньянд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг сурвалжилж байсан юм. Тэд нарт
намайг, миний хоёр хамтрагчийг Хятадад очоогүй гэдгийг дуулгажээ. Тэд түргэн
авч биднийг хайсаар Гадаад яаман дээр очсон ч миний байгаа газрыг мэдэж
чадаагүй аж. Намайг байцааж байх хооронд Хойд Солонгос дахь бүх юм худлаа гэсэн
Өмнөд Солонгосын хэвлэлд гарсан нийтлэлийг надад харуулаад Пхеньянд ирэхээсээ
өмнө тэд нартай уулзаж зөвлөгөө авсан уу гэж асуулаа. Надад хиймэл хэрэг тулгах
гэж байгааг ойлголоо.
Үүрийн 01:30 цагийн үед хуучин бие хамгаалагчийн нэг нь
надад ойртож ирээд дарга чинь ирж яваа гэж хэллээ. Нэг цагийн дараа Флотог
миний байсан өрөөнд авчирлаа. Мария, Матью нар хаана байгаа нь мэдэгдэхгүй
байв. Намайг байцааж байгаа хүмүүс намайг шүүх хурлаар оруулахад бэлэн харагдаж
байгааг Флото хэллээ. Ямар нэг гарц олох хэрэгтэй гэж ярилцаад, ганц арга нь нийтлэлдээ
Хойд Солонгосыг доромжилсныхоо төлөө уучлал гуйсан захиа бичих гэж ярилцав. Тэд
захианд сэтгэл ханасангүй, камерийн өмнө чанга дуугаар уншихыг шаардав. Би
татгалзлаа.
Эцэст нь 3:30 цагт намайг чөлөөлж, Мария, Матью нарын
байгаа газар аваачив. Тэднийг Пхеньяны захын нэг байшинд саатуулсан байв.
Маргааш нь биднийг Тэдон мөрөний арал дээр байдаг Янгакдо зочид буудалд очихыг
зөвшөөрөв. Олон улсын хэвлэл мэдээллийнхэн тэнд буудаг болохоор тайвширсан ч
Хойд Солонгосоос гарах зөвшөөрөл өгөлгүй хоёр хонолоо. Тавдугаар сарын 8-нд
нисэх онгоцны буудал руу явахаар зэхэж байтал Хойд Солонгосын Засгийн газар
намайг улс орноос хөөн гаргах шийдвэр гаргасныг танилцууллаа.
Миний сурвалжлага Нобелийн шагналтнуудын айлчлалыг
харлуулж магадгүй гэж үзсэн бололтой. Хойдууд тэд нарт сайн сайхан гэсэн бүхнээ
үзүүлж, хамгийн шилдэг оюутнуудтай уулзуулсан тул бидний сурвалжлага хүмүүсийн
сэтгэлд хоногшсон зүйлд сэв суулгана гэж үзжээ. Бидэнд хатуу гар харуулж,
бусдад сургамж болог гэж бодсон бололтой.
Би 10 цаг саатуулагдсан. Хорионд байхдаа Хойд Солонгост
хэн нэг нь алга болох амархан юм байна гэдгийг ойлгосон. Тусгаарлагдах айдсыг
би мэдэрсэн. Нотолгоо, баталгааг тулгаж, миний бурууг “гаргаж ирэх” шүүх хурал
бодитоор заналхийлж байлаа.
No comments:
Post a Comment