Sunday, May 8, 2016



Канадын түймэрт даатгалын компаниуд долоон тэрбум доллар гаргана

Канадын Алберта мужид долоо хоногийн турш үргэлжлэн гарч буй түймэр даатгалын компаниудад дор хаяж долоон тэрбум долларын “хохирол” учруулахаар болоод байна. Канадын даатгалын компаниудын түүхэнд ийм өндөр нөхөн төлбөр гарч байгаагүй юм. Алберта мужид эхэлж гарсан түймэр хөрш Саскачеван муж руу орсон ба энэ түймэр нэг сар үргэлжилж магадгүй хэмээн эрх баригчид үзэж байна. Халуун цаг агаар, хуурайшсан ой модны улмаас түймэр дэгдэж ихээхэн газар нутгийг хамраад байна. Түймэр нийтдээ хоёр мянган кв км газар нутгийг хамарсан тул зөвхөн хүчтэй аадар бороо л энэ түймрийг хяналтдаа авахад тусалж чадах ажээ.

Форт Мак-Мюррей хотоос 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Тус хотын иргэдийг ойрын өдрүүдэд гэртээ буцаж очиж болохгүй хэмээн сануулжээ. Түймрийн аюулаас гадна тус хотын эрчим хүчний салбар, ундны усны асуудал хүндэрсэн тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна. Гал түймэр унтраах ажилд 500 гаруй гал сөнөөгч, 15 нисдэг тэрэг, 14 нисэх онгоц оролцож байна. Түймэрт мянга 600 орчим байшин шатжээ. Гэрээ яаралтай орхиж гарсан олон иргэн хайртай амьтдаа үлдээсэндээ ихээхэн санаа зовж байгаа тул гэрт үлдсэн амьтдыг эрж хайх ажлыг сайн дурынхан хийж байна.

No comments:

Post a Comment