Wednesday, May 11, 2016




“Ньюкасл”, “Норвич” доод лиг рүү уналаа

Английн Премьер лигийн 37-р тойрогт “Сандерланд” талбай дээрээ “Эвертон”-ыг 3:0 харьцаагаар хожсоноор доод лиг рүү унах аюулаас аврагджээ. Харин “Ньюкасл”, “Норвич” Премьер лигт үлдэх боломжоо алдаж “Астон Вилла”-гийн хамтаар ирэх улиралд доод лигт тоглохоор болов. Сэм Аллардайсын упирдсан “Сандерланд” сүүлийн 13 тоглолтод хоёрхон удаа хожигджээ. Харин доод лигээс “Бернли”, “Мидлсборо” Премьер лигт дэвших нь тодорхой болсон бол, бас нэг баг плей-оффоор шалгарах юм. Английн Премьер лигт Лестер хотын “Лестер” баг түүхэндээ анх удаа түрүүлсэн билээ.

Авлигын эсрэг олон улсын төвийг байгуулна

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон АНУ, Швейцарь, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Интерполын тусламжтайгаар төв штаб нь Лондон хотод байрлах Авлигын эсрэг олон улсын төвийг байгуулна хэмээн зарлалаа. Дэлхийд анх удаа бий болж байгаа энэ төвийг Лондонд болох авлигын эсрэг дээд хэмжээний уулзалт дээр албан ёсоор зарлах аж. Саяхан Их Британийн Засгийн газрын тэргүүн нэгэн уулзалт дээр микрофоноо унтраагаагүй байхдаа зохисгүй мэдэгдэл хийсэн нь шуугиан тариад байгаа билээ. Тэрээр авлигын эсрэг дээд хэмжээний уулзалтын талаар Хатан хаан Элизабет болон сайд нартай хэлэлцэж байхдаа “Афганистан, Нигери улс нь гайхамшигтай авлигжсан орнууд” хэмээн мэдэгдсэн юм.

Д.Трамп: Ард түмэн намайг дэмжиж байна

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа тэрбумтан Дональд Трамп Америкийн ард түмэн, сонгогчдоос сонгогдох эрх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг авсан хэмээн үзэж байна. “Ард түмэн надад захирах эрх олгочихсон гэж үзэж байна. Өрсөлдөх чадваргүй удирдлагаас ард түмэн, сонгогчид залхжээ. Ажлын байранд хор хохирол учруулдаг, цалин пүнлүүнд муугаар нөлөөлдөг худалдааны гэрээ хэлцлээс тэд залхсан байна” хэмээн Трамп ярьжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа тэрбумтан Дональд Трампын нэр хүнд өсч, гол өрсөлдөгч, Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтонтой бараг зэрэгцэж ирээд байна.

ОХУ Крымийг эрчим хүчээр бүрэн хангаж эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлгч Владимир Путин өчигдөр Крым дахь эрчим хүчний шугамны дөрөвдүгээр хэсгийг албан ёсоор ажилд орууллаа. Ийнхүү Крымийн хойгийг эрчим хүчээр хангах “Тамань-Камыш Бурун” эрчим хүчний шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ. Эрчим хүчний шугамыг ашиглалтад оруулах үед В.Путин Сочи дахь албан өргөөндөө байсан бөгөөд телевизийн шууд нэвтрүүлгийн тусламжтайгаар шугамыг нээх ёслолд оролцжээ. Ийнхүү Крымд цахилгааны хязгаарлалт хийдэг цаг өнгөрч байна. Шинэ шугамаар 800 мегаватт эрчим хүч Крымд хүрэх ба энэ нь байнгын, тогтмол дэглэмд ажиллахад бүрэн хүрэлцээтэй юм. Ерөнхийлөгч В.Путин 2018 он гэхэд Крымийн эрчим хүчний системд 1950-аад оноос хойш байгаагүй шинэчлэл хийнэ хэмээн амлав. Симферополь, Севастополь хотод цахилгаан станцын барилгын ажил эхлээд байна. 

No comments:

Post a Comment