Wednesday, May 25, 2016

Бельгид терроризмд сэжиглэгдсэн дөрвөн хүнийг баривчлав

Бельгийн цагдаа Антверпен хотоос жихадист дайчдыг элсүүлж Сири, Ирак руу илгээж байсан дөрвөн хүнийг баривчилжээ. Тэднийг террорист бүлгийн үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгаад байна. Дөрвөн этгээдийн орон гэрийг нэгжих үеэр Бельгийн газар нутаг дээр алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан нотолгоо олджээ. Урьдчилсан мэдээллээр, эдгээр хүмүүс нь гуравдугаар сард Бельгийн нийслэлд болсон халдлагад хамаагүй аж.
Гуравдугаар сарын 22-нд Брюссель хотод хэд хэдэн алан хядах ажиллагаа болж 32 хүн амь насаа алдсан билээ. “Исламын улс” бүлэг энэ халдлагын хариуцлагыг хүлээн зөвшөөрчээ. Бельгийн Хууль зүйн сайд Кун Генс, мөрдөн шалгах ажиллагаанд интернэт ашиглагчдын мэдээллийг олж авах хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

Оросууд 21 тн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ

Оросын тээврийн нисэх онгоц Сирийн Дейр-эз-зор хотод 21 тн хүнсний тусламжийг шүхрээр буулгалаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. “Исламын улс бүлгийн дайчдад бүслэгдсэн Дейр-эе-зор” хотод Оросын тээврийн нисэх онгоц шүхэр ашиглан НҮБ-ын шугамаар хүлээн авсан 21 тн хүнсний тусламж хүргэлээ” хэмээн мэдэгдэлд дурджээ. Мөн Дамаскийн ойролцоох Жеруд тосгонд дөрвөн тн тусламжийн бараа хүргэсэн байна. Өмнө нь Дамаск мужийн Хараста хотын арван мянган оршин суугчид сүүлийн дөрвөн жилд анх удаа хүмүүнлэгийн тусламж хүргэсэн тухай мэдээлж байсан билээ.  

Кубын эсрэг хоригийг цуцлахыг уриалав

АНУ, Кубын харилцаа сайжирч байгааг Москва нааштайгаар хүлээн авахын зэрэгцээ арлын эсрэг авсан худалдаа, эдийн засгийн хориг арга хэмжээг даруй цуцлахыг Вашингтоноос шаардлаа хэмээн “Интерфакс” агентлаг уламжлав. Кубын Төрийн зөвлөл, сайд нарын танхимийн даргын нэгдүгээр орлогч Диас Бермудес ОХУ-д айлчлах гэж байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хэлэлцээ хийж, эрчим хүч, үйлдвэрлэлийн салбарт гэрээ байгуулах юм. Америк, Кубын харилцаа сайжирч, харилцан элчин сайдын яамаа нээж, зарим хориг зөөлөрч байгаа ч 60 жилийн өмнөөс хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжилсээр байгаа юм. Хориг арга хэмжээг цуцлахэрх АНУ-ын Конгресст байдаг ажээ.

Цагаачидтай хөлөг хөмөрчээ

Италийн тэнгисийн цэрэг Газар дундын тэнгист дүүрэн цагаачтай хөлөг онгоц живж буйтай таарчээ. Италийн цэргүүд 562 хүнийг аварч чадсан байна. Хөлөгт байсан хүмүүс аврах багийг хараад хуйларч нэг талд нь гарсны дараа хөлөг онгоц хөмөрчээ. Таван хүний цогцсыг олжээ. Италийн эргийн харуулын “Беттика” хөлөг аврах хантааз, цагираг шидэж, бас нэг хөлөг онгоцноос жижиг завьнууд гаргаж цагаачдыг аварчээ.
Сүүлийн хэд хоногт эргийн харуулууд Европ руу хууль бусаар нэвтрэхээр явж байсан зургаан мянга орчим цагаачийг аварчээ. Хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчид мэдэгдэж буйгаар, Европын холбоо, Туркийн тал тохиролцоонд хүрсний дараа Ливи, Италийн хоорондох тэнгисийн зам нь цагаачид Европт хүрэхдээ ашигладаг гол зам болоод байгаа аж. Өмнө нь цагаачид Эгийн тэнгисээр дамжин Грек рүү орж ирдэг байсан нь цөөрөөд байна.

60 мянган ажилтнаа роботоор сольжээ

Хятадад Apple корпорацид iPhone, Samsung-т ухаалаг утас үйлдвэрлэж өгдөг Foxconn компани үйлдвэрлэлдээ роботыг нэвтрүүлсний ачаар 110 мянган ажилтнаа 50 мянга болтол нь цөөлж чаджээ. “Энэ жишээг бусад компаниуд дагаж эхлэх хэрэгтэй” хэмээн Куньшань хотын захиргааны төлөөлөгч Сю Юлянь ярилаа. Хятад улс роботыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр ихээхэн ахиц гаргаж байна.
“Бид инженерийн робот техник, бусад технологийн шинэчлэлийг нэвтрүүлж байна. Роботуудын гүйцэтгэж буй технологийн үйл явц, чанарыг манай ажилтнууд хянаж байна” хэмээн компанийн мэдэгдэлд онцолжээ.
2014 оны есдүгээр сараас хойш Гуандун мужийн Дунгань тойрогт 505 үйлдвэрт робот нэвтрүүлэхийн тулд 4.2 тэрбум юанийн (640 сая доллар) хөрөнгө оруулалт хийжээ. Куньшань хот нь Хятадын цахим үйлдвэрлэлийн төв юм. Хөдөлмөрийн зах зээлийг автоматжуулах давалгааны улмаас ойрын 20 жилд ажлын байрны 35 хувь нь цомхотголд өртөнө хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна.

Төмс даралт ихэсгэдэг

Харвардын их сургуулийн эрдэмтэд, долоо хоногт дөрвөн удаа төмс иддэг хүмүүсийн цусны даралт нэмэгдэх магадлал өндөрсдөг болохыг тогтоожээ. Төмсийг чанаж, нухаж, шарах зэрэг хэрэглэх аргаас үл хамаарч даралт ихэсгэдэг байна. Тэр тусмаа чипс эрүүл мэндэд тун хортой болохыг тогтоогоод байна. Төмсөнд дурласдын даралт ихсэн магадлал 11 хувиар нэмэгддэг бол, эмэгтэйчүүдэд бүр эмзэг тусдаг аж. Эрдэмтэд судалгааныхаа үр дүнг эрдэм шинжилгээний нэр хүндтэй “British Medical Journal” сэтгүүлд нийтэлсэн байна.

Нэг удаагийн хоолондоо цардуулгүй ногоо хэрэглэснээр даралт ихсэх магадлалыг долоон хувиар бууруулж чадна гэж үзжээ. Төмсөнд цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг бодис багагүй хэмжээтэй байдаг нь ийнхүү нөлөөлдөг аж. 

No comments:

Post a Comment