Алс Дорнодод түймэр ассаар байна
ОХУ-ын Алс Дорнодын хязгаарт өнгөрсөн нэг хоногт 15 ойн
түймрийг унтраасан ч өөр газруудад шинээр түймэр гарсаар байна. Ойн түймрийг
унтраах ажилд 1300 орчим хүн, 226 техник, 11 агаарын хөлөг оролцож байна. Алс
Дорнодын холбооны тойрогт 31 ойн түймэр шинээр бүртгэгдэж, нийтдээ 61 голомт
идэвхтэй байгаа аж. Амур мужид 38 түймэр гарч, 38.9 мянган га, Хабаровскт 17
түймэр гарч 488 га талбайг хамарчээ. Түймрийн аюултай улирал эхэлснээс хойш Алс
Дорнодод 599 ойн түймэр гарч, 155 мянган га газрыг хамарсан хэмээн ОХУ-ын Ойн
аж ахуйн газраас мэдэгдлээ.
16 автомашин мөргөлджээ
Чилийн Винья-дель-Мар хотоос холгүй зам дээр 16 автомашин
мөргөлдөж шүргэлцсэн томоохон осол гарчээ. Chilevision телевиз мэдээлж буйгаар,
ослын улмаас найман хүн амь насаа алджээ. Замаар явж байсан ачааны автомашины
тоормос ажиллагаагүй болж хэд хэдэн автомашинтай шүргэлцэж мөргөлдсөнийг
тогтоогоод байна. Үүний дараа ачааны машин болон хэд хэдэн хөнгөн автомашин
шатжээ. Арваад хүн гэмтэж бэртсэнийг ойролцоох эмнэлэгт хүргээд байна. Цагдаа,
шинжээчид ослын шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байна.
Хүүхэлдэйн харшид амьдардаг охин
Хүүхэлдэйн ордонтой болох нь ямар ч охины мөрөөдөл билээ.
Тэгвэл “Формула-1” уралдааны эзэн Берни Эклстоуны том охин Тамара Эклстоун охин
Софигийн хоёр насны төрсөн өдрөөр 57 өрөөтэй хүүхэлдэйн харш бэлгэнд авчээ. Урт,
гоё хөлөө гайхуулсан Тамара хүүхэлдэйн ордны эзэн Софитой ордныхоо өмнө
авахуулсан зураг “Hello” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Лондоны Кенсингтон дүүрэгт
байдаг 88 сая еврогийн үнэтэй “Формула-1”-ийн боссын харштай яг адилхан
жижигрүүлсэн харшийг бяцхан Софид нагац эгч Петра нь бэлэглэсэн аж. Софигийн
төрсөн өдрийн тоглоомонд 15 мянган евро зарцуулжээ. Берни Эклстоуны том охин
Тамара бизнесмэн Жей Рутландтай гэрлэж охинтой болсон билээ. Тэрээр охин
Софитойгоо хүүхэлдэйн харшид ихэнх цагийг өнгөрөөж байгаагаа ярьжээ.
No comments:
Post a Comment