Tuesday, May 17, 2016

Д.Трамп Ким Чен Унтай уулзахад бэлэн

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа Дональд Трамп сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Хойд Солонгосын лидер Ким Чен Унтай уулзаж ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Тэрбумтан улстөрч телевизэд ярилцлага өгөхдөө “Ким Чен Унтай уулзахад асуудал алга” гэжээ. Тэрээр мөн Хятадад эдийн засгийн нөлөөгөөрөө дамжуулан дарамт шахалт үзүүлнэ, Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний Украины зүүн нутаг дахь бодлогыг сайшаахгүй байгаагаа ярьжээ.
Хойд Солонгосын тал өнгөрсөн нэг, хоёрдугаар сард цөмийн туршилт хийсэн нь дэлхий нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гуравдугаар сарын эхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяны эсрэг шинэ хориг арга хэмжээг баталж, үүний дараа АНУ, Европын холбоо хоригийг өргөтгөсөн билээ.

Мотоциклуудыг бульдозероор устгажээ

Нью-Йорк хотын цагдаагийн хэлтэс хотын гудамжаар хууль дүрмийг ноцтойгоор зөрчин явж байсан хүмүүсийн мотоциклуудыг бульдозероор эвдлэн устгажээ. Комиссар Уильям Браттон энэ онд дүрэм зөрчсөн 700 орчим мотоцикл, мопедийг хурааж авсан тухай Fox News-т ярилаа. Нью-Йорк хот дүрэм зөрчиж түвэг учруулдаг техникүүдийг шууд эфирээр устгах шийдвэр гаргаж байгааг хотын дарга Билл Де Блазио дөрөвдүгээр сард мэдэгдэж байв. Хотын оршин суугчид хотын гудамжуудыг аймшигт автуулдаг мототехникүүдэд ихээхэн гомдол гаргадаг аж. Гэвч мотоциклуудыг бульдозероор түрэн устгаж байгааг зарим иргэн сайшаахгүй байна.

Сирид 22 сая доллараас туслахыг хүсчээ


Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн Ойрхи Дорнодыг хариуцсан дарга Роберт Мардини Сирид хүмүүнлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд дахиад 22.8 сая доллар хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. Тэрээр хандивлагч орнуудыг гараа сунгахыг уриалжээ. Тус байгууллага энэ мөнгийг гаргуулж чадвал Сирид үзүүлж буй тусламжийн хэмжээ, жилийн төсөв нь 160 сая долларт хүрэх юм. “Бид Сирид байр сууриа бэхжүүлэх болно. Бид илүү олон хүнд туслахыг хүсч байна, ийм боломж бий” хэмээн Мардини ярилаа. Улаан загалмайн нийгэмлэг 2016 оны эхний улиралд Сирийн 2.6 сая иргэнд тусламж үзүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 60 хувиар илүү байгаа аж. Гэсэн хэдий ч Сирид нөхцөл байдал хүнд, бүслэлтэд орсон бүс нутаг байсаар байна. 

No comments:

Post a Comment