Saturday, May 28, 2016



Диснейлендийн өрсөлдөгч Хятадад нээгджээ

Хятадын тэргүүн баячуудын нэг Ван Цяньлиний Ванда групп Цзянси мужийн Наньчан хотод зугаа цэнгээний асар том цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. “Ванда-сити” хэмээн нэрлэсэн цогцолборт маш олон тоглоом, худалдааны төв, асар том далайн аквариум нээгдсэн байна. Ванда групп цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулахад гурван тэрбам доллар зарцуулжээ. Ван Цяньлин ингээд сэтгэл ханахгүй, улс орон даяар 15 ийм цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Тэрээр саяхан мэдэгдэхдээ, Микки Маус, Дональд Дакийн үе дууссан гээд Хятадын компаниудыг өөрийн соёл уламжлалд тулгаарласан шинэ санаа, шинэ баатар нээж олохыг уриалсан юм. Америкийн Дисней компани Шанхайд зугаа цэнгээний төвөө нээх гэж буйтай холбогдуулан ийнхүү мэдэгдсэн ажээ.

Парист 11 хүн аянганд цохиулжээ

Парисын баруун хойд хэсгийн Монсо цэцэрлэгт арван хүүхэд, нэг том хүн аянганд цохиулжээ. Тэдний зургаа нь хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдлээ. Тэнгэр дуугарч аянга цахих үеэр тэд модон дор нуугдаж байсан байна. Ширүүн аадар борооны улмаас талбайн теннисийн “Ролан Гаррос” тэмцээн тасалджээ. Тавдугаар сарын сүүлчээр Бангладешт 50 гаруй хүн аянганд цохиулж нас барсан юм. Ихэнх нь цагаан будааны талбай дээр ажиллаж байсан тариачид байжээ. Аянга дэлхий даяар хэдэн зуун хүний аминд хүрдэг. Аянганд хамгийн их нэрвэгддэг улс нь Өмнөд Африк, Бангладеш, Энэтхэг, Малайз. Өмнөд Африк нь аянганы нийслэл хэмээн алдаршсан бөгөөд тус улсад жил бүр 500 орчим хүн аянганд цохиулан амиа алдаж, мянга гаруй хүн гэмтэж бэртдэг ажээ.

Эцэг эхээ асрах 20 хоногийн цалинтай чөлөө олгоно


Хятадын Хэнань мужийн засаг захиргаа эцэг эхийнхээ ганц хүүхэд нь болсон ажилтнуудад настай эцэг эхээ асрах 20 хоногийн цалинтай чөлөө олгож байх шийдвэр гаргалаа. Энэ арга хэмжээ нь хүн амын өсөлтийг барих зорилгоор 30 гаруй жилийн турш хэрэгжсэн “Нэг гэр бүл – нэг хүүхэд” бодлогын золиос болсон гэр бүлийн нөхөн төлбөр маягийн юм болж байгаа аж. Эцэг эх нь 60 гарчихсан, эмнэлэгт байгаа бол ажилтнуудад нэмэлт амралт олгох бодлогыг Хэнань мужид нэвтрүүлэх талаар судалж байна. 1970-аад оны сүүлчээр хэрэгжүүлж эхэлсэн “Нэг гэр бүл- нэг хүүхэд” бодлогыг өнгөрсөн онд цуцалсан билээ. Хятад иргэд энэ бодлогод дургүй байсан, хүн ам эрчимтэй хөгшрөх хандлагатай болсон нь цуцлах шалтгаан болжээ. Судалгаагаар, 2050 он гэхэд Хятадын дөрвөн иргэн тутмын нэг нь 65-аас дээш настай болох ажээ. 

No comments:

Post a Comment