Sunday, May 29, 2016



Ким Чен Уны нагац Нью-Йоркт угаалгын газартай

Хойд Солонгосын лидер Ким Чен Уны нагац эгч 1998 онд АНУ руу зугтаж гарснаасаа хойш Нью-Йоркт суурьшиж, угаалгын газар ажиллуулж байна хэмээн “Washington Post” сонин мэдээлэв. Пхеньяны дэглэмийн удирдагч асан Ким Чен Ирийн эхнэрүүдийн нэг, Ким Чен Уны ээж Ко Ён Хугийн эгч Ко Ён Сук нөхөр Ли Кан болон гурван хүүхдийн хамт Америкт амьдарч байна. Хойд Солонгосын коммунист Засгийн газарт ойр байсан хос Хойд Солонгосын удирдагчдын гэр бүлийн гишүүдийг харгалзаж, халамжлах үүрэг даалгавар авч Швейцарь руу явжээ. Тэдгээр гишүүдийн нэг нь Швейцарьт суралцаж байсан Ким Чен Ун байсан аж. “Тэр түвэг, яршиг удаад байдаггүй байсан. Харин сурлагадаа тийм сайн биш, тэвчээр муутай хүүхэд байсан” хэмээн Ко зээ дүүгийнхээ тухай ярьжээ.
Ким Чен Ун хэзээ нэгэн цагт Хойд Солонгосын удирдагч болно гэдгээ 1992 оноос хойш мэддэг болсон хэмээн Ко Ён Сук өгүүлж байна. Түүнийг найман нас хүрэхэд нь генералын дүрэмт хувцас өмсүүлж, Хойд Солонгосын цэргийн удирдлагууд бөхийн хүндэтгэл үзүүлсэн аж. Ко хатагтай яагаад АНУ руу зугтах болсон нь тодорхой бус. Тэрээр нөхөр Ли Каны хамт Швейцарийн Берн хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд очсоныхоо дараа АНУ руу гарсан юм. Ко Ён Хугийн (Ким Чен Уны ээж) хөхний хорт хавдар эцсийн шатандаа орсон байсан тул Ко Ён Сук болон түүний нөхөр удахгүй эрх ямбаа алдана гэж боджээ. Ийнхүү тэд АНУ-ын талд хандан улс төрийн орогнол хүсч, хэдэн сар байцаагдсаны дараа Нью-Йорк хотод суурьсан байна. Тэнд нэр усаа нууцлан шинэ амьдралаа эхлүүлсэн аж. “Washington Post” сонинд бичиж буйгаар, Ко Ён Сук, Ли Кан нар Тагнуулын төв газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр угаалгын газраа нээжээ.

“Найзууд минь намайг маш азтай гэж хэлдэг. Одоо надад бүх юм байна. Гомдоллох юу ч алга” хэмээн Ко хатагтай ярьсан байна. Түүний гурван хүүхэд АНУ-д их сургууль төгсөж, бүгд ажил төрөлтэй болсон хэмээн хэвлэлд бичжээ. Хойд Солонгос эхнэр, нөхөр хоёр ТТГ-тай хамтран ажилласаар байгаа ч Когийн нөхөр, бид ямар ч нууц задлаагүй хэмээн мэдэгдсээр байна. “Тагнуулын төв газрын ажилтнууд биднийг ямар нэг нууц мэддэг гэж үзээд байх шиг байна. Бид ямар ч нууц мэдэхгүй. Бид зөвхөн хүүхдүүдийг л харж, ханддаг байсан. Сурлага, хичээлд нь л тусладаг байсан” хэмээн нөхөр Ли Кан ярьжээ. Ли Кан бас нэг сонирхолтой мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна. “Би Хойд Солонгост буцаж очих эцсийн зорилготой. Би Америкийг мэднэ, Хойд Солонгосыг мэднэ. Тиймээс тэдний хоорондох хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадна. Би Ким Чен Уныг сайн санаж байгаа шиг тэр намайг санаж байгаа бол би түүнтэй уулзаж  ярилцахад бэлэн байна” хэмээн Ко Ён Сукийн нөхөр Ли Кан онцолсон байна. Ким Чен Уны нагац эгч нь Хойд Солонгост буцаж очих сонирхолгүй байдаг бол, түүний нөхөр эх орондоо буцаж очно гэдэгтээ итгэсээр байгаа ажээ.

No comments:

Post a Comment