Monday, May 2, 2016






Д.Трамп Хятадыг буруутгалаа

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр горилж байгаа тэрбумтан Дональд Трамп Индианад болсон цуглаан дээр Хятадын худалдааны бодлогыг хатуу шүүмжилжээ. Түүний хэлж буйгаар, хятадууд дэлхийн түүхэнд хамгийн том хулгай хийж байгаа аж. “Хятад улс манай орныг дахиад хүчирхийлэхийг бид зөвшөөрч болохгүй” хэмээн Трамп мэдэгджээ. Тэрээр Бээжингийн эрх баригчид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг хямд байлгаж, дэлхийн зах зээлийг татахын тулд юаний ханшаа доогуур барьж байгааг шүүмжилсэн юм. Хятадын бодлого Америкийн бизнесийг сүйрүүлж, ажлын байрыг устгаж байна хэмээн Трамп үзэж байна. Тэрбумтан нэр дэвшигч Бээжинг энэ бодлогоос нь татгалзуулж дөнгөнө хэмээн амлажээ. Ерөнхийлөгч болвол илүү сайн болзолтойгоор Хятадтай тохиролцоонд хүрнэ гэж амлав.
Он гарсаар Хятадын Ардын банк юаний ханшийг байнга бууруулсаар иржээ. Зарим шинжээч үүнийг валютын ханшийг өөртөө ашигтайгаар эргүүлэх ээлжит оролдого хэмээн буруутгаж байгаа бол, нөгөө хэсэг нь дотоодын эдийн засгийн хямралын улмаас юаний ханшийг унагаж байна хэмээн үзжээ.

Амьдрал байж болох гурван гариг олджээ

Одон орон судлаачид Нарны системд харьцангуй ойрхон, амьдрал оршин тогтнож байж магадгүй гурван гариг илрүүлснээ зарлалаа. Судалгааны үр дүн Nature сэтгүүлд хэвлэгдсэн байна. Эдгээр гурван гариг мөсөн одой оддыг тойрон эргэлдэж, 39 гэрлийн жилд нэг тойрог хийдэг бөгөөд хэмжээгээрээ дэлхий болон цолмон гаригтай дүйнэ. Бельгийн их сургуулийн эрдэмтэн Майкл Гиллоны хэлж буйгаар, одон орон судлаачдад Нарны системээс гадна амьдралын химийн ул мөрийг илрүүлэх хосгүй боломж гарч ирж байгаа аж. Учир нь шинэ гаригууд нь дэлхийд хангалттай ойрхон оршиж байгаа, тиймээс тэдгээрийн агаар мандлыг орчин үеийн технологийн тусламжтайгаар судлан, шинжилж болох ажээ. Оддын ажиглалтын түүхэнд анх удаа ийм хосгүй боломж гарч ирж байгааг Nature сэтгүүл онцоллоо.

Сөрөг хүчин Ерөнхийлөгч Мадурог огцрохыг шаардав

Венесуэлийн сөрөг хүчин Ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах эсэх бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардахад хэрэгтэй нэг сая 800 мянган иргэний гарын үсгийг цуглуулж чаджээ. Үндсэн хуулийн дагуу, ийм санал асуулгыг явуулахад дөрвөн сая хүний гарын үсэг хэрэгтэй. Ийнхүү сөрөг хүчин эхний давааг амжилттай давж, хоёр дахь кампанит ажлаараа дөрвөн сая гарын үсэг цуглуулах хэрэгтэй болов. Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Николас Мадуро болон өмнөх удирдагч Уго Чавесийг эдийн засгийн хямрал, хоол хүнсний гол бүтээгдэхүүний гачигдалд буруутгаж байгаа юм. Ерөнхийлөгч Николас Мадурогийн бүрэн эрхийн хугацаа 2019 онд дуусна.

Ираны шашны лидер англи хэлний эсрэг байна

Ираны шашны лидер, аятолла Али Хамени шинжлэх ухаанд англи хэл давамгайлж байгааг шүүмжилжээ. “Шинжлэх ухааны хэл зөвхөн англи байх ёсгүй. Зөвхөн англи хэл дээр суурилах нь зөв биш юм. Испани, франц, герман, эсвэл дорны хэлнүүд мөн л шинжлэх ухааны хэл мөн. Маргаашнаас англи хэл сурахаа зогсоо гэж бид хэлж чадахгүй ч цаашдаа энэ асуудлыг зохицуулаад явах хэрэгтэй. Харамсалтай нь манай улсад англи хэл өргөн тархаж байна. Хүүхдүүд цэцэрлэгт англи хэл сурч байна. Энэ нь перс хэлэнд хор хөнөөлтэй байна” хэмээн Али Хамени Тегеранд болсон багш нарын уулзалт дээр хэлжээ. “Зөвхөн зэвсэг үйлдвэрлэхийн тулд улсын сүр, хүч байдаг юм биш. Шинжлэх ухаан, үндэсний онцлогийг хөгжүүлэхэд ч үүнийг ашиглах хэрэгтэй” хэмээн Ираны шашны удирдагч нэмж өгүүлэв.

Хималайд 16 жилийн өмнө алга болсон уулчдын цогцсыг олжээ

16 жилийн өмнө Хималайн ууланд авирч байгаад сураггүй алга болсон Америкийн уулчин Алекс Лоу, Дэвид Брижес нарын цогцсыг олжээ. 1999 оны аравдугаар сард Лоу зураглаач Брижесийн хамтаар найман мянга гаруй метрийн өндөр Шишапангма оргил руу авирч байгаад цасан нурангид дарагдан амиа алджээ. Хоёр уулчин өнгөрсөн долоо хоногт тэдний цогцсыг олж, Алекс Лоугийн бэлэвсэн эхнэр рүү утасдаж мэдэгджээ. Женнифер Лоу-Анкер тэднийг хувцас, хэрэглэлээр нь таньсан аж. Цогцсууд одоо ч цасан хонгил дор байгаа бөгөөд Женнифер хүүхдүүдийнхээ хамтаар тийшээ очихоор төлөвлөж байна.
40 настай Алекс Лоу тухайн цаг үеийнхээ шилдэг уулчдын нэг байсан юм. Тэрээр олон уулчдыг аварч нэрд гарсан байв. Алекс сайн найз Брижестэй хамт Хималайд авирч байгаад цасан нурангид дарагджээ. Хамт явж байсан Конрад Анкер мөн нурангид дарагдсан ч амьд үлдсэн билээ. Шишапангма нь өндрөөрөө дэлхийд 14-т ордог уул юм.

Пиццан хайрцагтай пицца

Нью-Йоркийн Бруклин дүүргийн Vinnie's пиццаны газар цэсэндээ пиццан хайрцагтай пиццаг нэмлээ хэмээн ABC News мэдээлэв. Хогийн цэг, хогийн савнууд ердийн картонон хайрцгаар дүүрч байгаад анхаарал хандуулсан зоогийн газрынханд ийм бүтээгдэхүүн гаргах санаа төржээ. Хэрвээ захиалагч хүсвэл пиццаны хайрцгийн мөн пиццагаар хийж мөнгөлөг цаасанд ороож өгөх аж. Vinnie's пиццаны газрынхан үргэлж ер бусын санаа сэдэж байдаг. Өнгөрсөн онд хэд хэдэн мини пиццагаар бүрсэн пицца гаргаж олныг алмайруулж байв. Мөн “Адал явдлын цаг”, “Pokemon” хүүхэлдэйн кино, “Оддын дайн” киноны сэдэвтэй, дуучин Принс таалал төгссөнд зориулж Rest In Pizza, Prince хэмээх өвөрмөц пицца гаргаж байжээ. Саяхан бас Америкийн 44 Ерөнхийлөгчид зориулсан хоолоор үйлчилж байсан юм.

Зэрлэг адууг буудаж устгахаар төлөвлөжээ

Австралийн зэрлэг адууны тухай домог, дуу, шүлэг их бий. 1890 онд яруу найрагч Банжо Петерсон брамби буюу зэрлэг австрали адууг бийрийн үзүүрээр шүлэглэн алдаршуулж байв. Австралийн зэрлэг адууны эх нутаг гэгддэг Өмнөд Уэльс мужийн эрх баригчид энэ амьтныхаа 90 хувийг буудаж устгахаар төлөвлөөд байна. Зэрлэг адуу бүс нутгийн эмзэг эко системийг сүйтгэж, байгаль орчинд хор хохирол учруулж байна хэмээн үзжээ. Гэвч Ногоон тивийн цастай, уулархаг нутагт амьдардаг алдартай зэрлэг адууг буудаж устгахыг амьтан хамгаалагчид эрс эсэргүүцэж байна. Дуу, шүлгэнд мөнхөрсөн брамби зэрлэг адуу 2000 оны Сиднейн олимпийн нээлтийн ёслолд оролцож байв.
Ууланд нутагладаг зэрлэг адуу нь усны системийг сүйтгэж, ус, цөөрөмд амьдардаг төрөл бүрийн амьтдыг мөхлийн ирмэгт хүргэж байна гэж үзжээ. Өмнөд Уэльс мужийн захиргаа ойрын 20 жилд зургаан мянга орчимд хүрээд байгаа зэрлэг адууг 600 болгож цөөрүүлэхээр төлөвлөж байна. 

No comments:

Post a Comment