“Исламын улс”-ын лидер Абу Вахибыг устгажээ
Холбоотны агаарын хүчин Иракийн Анбар мужид довтолгоо
явуулж “Исламын улс” хэт даврагч бүлгийн лидер Абу Вахибыг устгалаа хэмээн
АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Пентагоны төлөөлөгч Питер Кук, Абу
Вахибын сууж явсан автомашиныг агаараас довтолж түүнтэй хамт гурван босогчийг
устгалаа хэмээн ярьжээ. Өмнө нь түүнийг устгасан тухай мэдээ хэд хэд ирж байсан
ч нотлогдохгүй байсан билээ.
“Аль-Кайда” бүлгийн гишүүн асан Абу Вахиб Америкийн
цэргүүдэд баривчлагдаж, цаазаар авахуулах ял сонссон ч 2012 онд оргож чадсан
юм. Дараа нь тэрээр Иракаас дамжин явж байгаа Сирийн ачаана машины жолооч нарыг
аймшигтайгаар хороож нэрд гарчээ. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл 2014
оноос хойш Ирак дахь “Исламын улс” бүлгийн байрлалыг бөмбөгдсөөр байна. Ерөнхийлөгч
Б.Обама тус бүлгийн эсрэг довтолгоог эочимжүүлэхийн тулд Үндэсний аюулгүйн
зөвлөл, Тагнуулын төв газрын дарга нарыг Цагаан ордонд дуудаж зөвлөгөөн хийжээ.
Родриго Дутерте Филиппины сонгуульд ялжээ
Давао хотын дарга асан, гэмт хэрэгтэй харгис хатуу аргаар
тэмцэхийн төлөө байдаг Ридриго Дутерте Филиппины Ерөнхийлөгчийн сонгуульд
ялснаа зарлав. Нийт саналын 90 хувийг боловсруулж гаргахад Дутерте 39 хувийн
санал авчээ. Мануэль Роксас 23 хувийн санал авсан байна. Ерөнхийлөгчийн
сонгуулийн ялагч энгийн олонхийн саналаар тодордог аж.
Филиппины Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нэг удаа зургаан
жилийн хугацаагаар сонгогддог тул одоогийн Ерөнхийлөгч Бенигно Акиногийн бүрэн
эрхийн хугацаа дуусч байгаа. Дутертегийн ялалт улс оронд дарангуйллыг эргүүлэн
авчирна хэмээн Акино хэлж түүний эсрэг хүчээ нэгтгэхийг өрсөлдөгч нарт нь
уриалж байсан юм. Родриго Дутерте авлига, гэмт хэргийн эсрэг хүний эрхийг ч үл
хайхран тэмцэнэ хэмээн сонгуулийн кампанийн үеэр мэдэгдэж байв. Давао хотын
даргын ажлыг 20 гаруй жил хийсэн тэрээр “Залхаан цээрлүүлэгч” хочтой ажээ.
Алмаз эрдэнэ 63 сая доллараар зарагдлаа
Канадын уул уурхайн олборлолтын Lucara Diamond компани 813
каратын алмаз эрдэнийг 63 сая доллараар худалжээ. Энэ нь боловсруулаагүй үнэт
чулуунд төлсөн хамгийн өндөр үнэ юм. Үүнээс гадна тус компани уг алмазыг
боловсруулж худалдсан орлогын 10 хувийг авах аж. Lucara Diamond компани гарын
алганы чинээтэй энэхүү том алмазыг өнгөрсөн онд Ботсван улсаас олборлосон
байна. Тэд ирэх зургадугаар сард мөн Ботсванаас олдсон бас нэг том алмазыг
дуудлага худалдаагаар оруулахаар болжээ.
Панам улс куба иргэдэд хилээ хаалаа
Панам улс АНУ руу тэмүүлж байгаа Кубын хууль бус
цагаачдын урсгалыг хяналтдаа авахын тулд Колумбтай залгаа хилээ хаажээ. Тус
улсын Ерөнхийлөгч Хуан Карлос Варела “Кубын иргэд визгүйгээр манай улсад
нэвтрэхгүй. Манай улсад нэгэнт орж ирээд байгаа дөрвөн мянга орчим кубыг Мексик
рүү албадан гаргана” хэмээн мэдэгдэв. Коста-Рика, Никарагуа улс куба иргэдийг
нутаг дэвсгэр рүүгээ орохыг хориглосон тул сүүлийн хэдэн сард хэдэн мянган куба
иргэн Панамд гацаад байгаа юм. Панамын эрх баригчид куба иргэдэд хилээ хаасан тул
тэд харуул хамгаалалт, зам харгуй ч байдаггүй ширэнгэ ойгоор Панам руу орохоос
өөр аргагүй болж байна.
Америк, Кубын харилцаа сайжирч буйн улмаас АНУ-д нэвтрэх,
оршин суух эрх авах эрх ямба алга болох вий хэмээн куба иргэд болгоомжилж
байна. Учир нь АНУ-д ямар ч хамаагүй аргаар хөл тавьсан куба иргэдэд АНУ-д
оршин суух зөвшөөрлийг автоматаар олгодог журам бүр хүйтэн дайны үеээс л
хэрэгжиж байгаа билээ. Гэвч хоёр улсын харилцаа сайжирснаар энэ журам хүчингүй
болох магадлалтай болжээ.
No comments:
Post a Comment