Saturday, May 7, 2016



Лондон хотын шинэ дарга Садик Хан гэж хэн бэ?

Лейборист намын 45 настай гишүүн, лал шашинтан Садик Хан Лондон хотын даргаар сонгогдсоны дараа Парис, Нью-Йорк болон бусад хотын дарга нар баяр хүргэлээ. Садик Хан Сауторскийн сүмд болсон сүрлэг ёслол дээр Лондон хотын даргын тангараг өргөсөн юм. Автобусны жолоочийн энгийн гэр бүлд төрж өссөн Хан “Хүүхэд байхад надад олддоггүй байсан тэр боломжийг бүх лондончуудад өгөхийг хүсч байна. Энэ хотыг илүү сайн, илүү гоё болгохын тулд бүх хүч, боломжоо дайчлан ажиллах болно” хэмээн хотын шинэ дарга хэлжээ. Дэлхийн хамгийн хүчирхэг хотын даргаар сонгогдсон Садик Хан гэж хэн бэ?
Садик Хан 45 настай, гэрлэсэн, хоёр хүүхэдтэй. Лейборист намын гишүүн, 2005 оноос хойш Лондоны өмнөд хэсгийн Тутинг тойргоос парламентад сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр өмнө нь хүний эрхийг хамгаалах салбарт ажиллаж, “Либерти” олон нийтийн сангийн тэргүүнээр ажиллаж байжээ. Европын холбооны гишүүн орнуудын нийслэл хотын анхны лал шашинтан дарга нь Садик Хан юм. Түүний эцэг эх Амуналла, Сехрун нар 1970 онд, түүнийг төрөхөөс өмнөхөн Пакистанаас цагаачилж Их Британид иржээ. Тэрээр айлын найман хүүхдийн тав дахь нь. Эцэг нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байсан, автобусны жолоочоор 25 жил ажиллажээ. Садикийн ярьж буйгаар эцэг нь муугүй цалинтай байсан аж. Ээж нь оёдолчин байв. Эрнест Бевин коллежид сурч байсан Садик дошныхоо атамануудын нэг байжээ. Тэрээр сургуульд байхаасаа л улс төрийг сонирхож, 15 насандаа Лейборист намд элссэн байна. Авъяаслаг сурагчдын тоонд орж явсан Садик хөлбөмбөг, бокс, крикетэд их дуртай нэгэн.
Лал шашныг хүндэтгэж хүмүүжлээр өссөн Садик өөрийгөө үнэнч лал шашинтан хэмээн үзэж, энэхүү итгэл үнэмшлээ тун чухал хэмээн хүлээн зөвшөөрдөг аж. Тэрээр парламентын гишүүн болоод анх хэлсэн үгэндээ эцэг нь зөнч Мохамедийн сургаалиар хэрхэн хүмүүжүүлснийг хэлж байсан юм. Тэр үед гайхамшигтай тоглож байсан “Ливерпүүл” клубын үнэнч фэн болж, цэнгэлдэхэд тоглолтыг нь ихэд үздэг байсан тухайгаа онцолж байв.

1994 онд Садик Хан хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшиж Christian Fisher фирмд ажиллаж болов. Тэр онд мөн л хуульч, автобусны жолоочийн охин Саадий Ахмедтай танилцаж гэрлэжээ. Тэд Аниса, Аммара гэсэн хоёр охинтой. Гурван жилийн дараа энэ фирмийн хамтрагч болж, Тутинг тойргийн орон нутгийн зөвлөлд сонгогдов. 2005 онд Садик Хан Тутинг тойргоос парламентад нэрээ дэвшүүлж ялалт байгуулснаар тэр онд парламентад сонгогдсон үндэстний цөөнхийн таван төлөөллийн нэг болж чадсан байна. 2009 онд Садик Хан лейборист Засгийн газарт Тээврийн сайдаад томилогдож, анхны лал шашинтай кабинетийн гишүүн болжээ. 2010 онд Лейборист нам ялагдаж сөрөг хүчин болсон ч Садик парламентад дахин сонгогдож чадсан юм. 2015 оны сонгуульд лейбористууд ялагдаж, Эд Милибанд намын даргаас огцорсон ч Садик Хан бууж өгөлгүй улс төрийн карьераа үргэлжлүүлсээр Лондон хотын дарга болж чаджээ. 

No comments:

Post a Comment