Monday, May 16, 2016



Букерийн шагналыг Өмнөд Солонгосын эмэгтэй зохиолч авчээ

Букерийн олон улсын шагналыг Өмнөд Солонгосын 45 настай зохиолч эмэгтэй Хан Канг “Ногоогоор хооллогч” (The Vegetarian) номоороо авлаа. Хан Канг болон түүний номыг англи хэл рүү буулгасан орчуулагч Дебора Смит нар тус бүр 35 мянган долларын шагнал авахаар болжээ. 28 настай орчуулагч Дебора ердөө л долоон жилийн өмнөөс солонгос хэл судалж эхэлсэн аж.
Хан Канг Сөүлийн урлагийн сургуульд уран зохиолын ур чадварын хичээл заадаг. Тэрээр 20 жилийн турш зохиол, найраглал бичиж байгаа юм. “Ногоогоор хооллогч” роман нь зохиолч эмэгтэйн англи хэл дээр хэвлэгдсэн анхны бүтээл юм. Гурван хэсгээс бүрдэх энэ роман 2007 онд солонгос хэл дээр гарч байжээ. Ногоогоор хооллогч болохоор шийдсэн эмэгтэйн тухай энэ номд өгүүлдэг. Нөхрийнхээ эсэргүүцэлтэй тулгарсан энэ шийдвэр түүний амьдралыг гамшигт өөрчлөлтийн ирмэгт авчирдаг ажээ.

Японд халуу шатаж, 460 хүн эмнэлэгт хүргэгджээ


Японд тавдугаар сарын 9-15-ны хооронд 460 орчим хүн халуунд цохиулж эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын түргэн тусламжийн албанаас мэдэгдэж буйгаар, сүүлийн долоо хоногт гэхэд л 57 хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдээд байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээс Японы бүх газар нутгаар халуу шатаж Цельсийн 30 градусаас дээш халж байгаа аж. Цаг уурчдын таамаглаж буйгаар, энэ зун тун халуун болох ажээ. Номхон далай дахь Эль Ниньо, Ла Ниньа үзэгдлийн улмаас ийнхүү халах болсон байна. Өнгөрсөн онд Японд 50 мянга гаруй хүн наранд цохиулж, 100 орчим хүн амиа алдсан юм. Наранд удаан байхгүй байх, шингэн их хэрэглэж, толгойгоо сүүдрээс хамгаалж байхыг эмч нар зөвлөж байна. 

No comments:

Post a Comment