Monday, October 19, 2015





Хятадын генетикийн компани бяцхан гахай зарж эхэллээ

Хятадын генетикийн BGI компани өсч томордоггүй бичил бяцхан гахайг нэг бүрийг нь 1000 паундаар (гурван сая төгрөг) зарж эхэлжээ. Micropig phenomenon алгын чинээ гахай тэжээх нь сүүлийн үеийн хамгийн эрэлттэй, ашигтай бизнесийн нэг болоод байна. Хайр хүрмээр жижигхэн (аяганы цайны хэмжээтэй) гахайг олон хүн худалдаж аваад байна. Гэртээ байлгахад тохиромжтой, цүнхэндээ хийгээд аваад явж болдог тул хүмүүс ихээхэн сонирхож байгаа аж. Бичкэн гахайг тэжээдэг алдартнаас дурдвал Майли Сайрус, Рич Даймонд, Пантела нарыг хэлж болно.
Харин амьтан хамгаалах нийгэмлэгүүд болон био ёсзүйчид Хятадын компанийн бизнест санаа зовниж байна. Хятадууд гахайн генетик, гарвал зүйг өөрчилж, өсч томордоггүй гахай гарган авч арилжааны зорилгоор ашиглаж байгаа нь буруу хэмээн тэд үзэж байна.
Гахайг эсийн аргаар хувилж гаргахаас өмнө өсөлтийн дааврыг нь идэвхгүй болгодог нөлөөлөгчийг ашигладаг. Ийнхүү эл амьтны бие организм өсөлтийн дохио, зааврыг хүлээн авахаа больж өсч томрохоо больдог аж.

450 кг татдаг байсан бүсгүй анхны усны хувцсаа худалдаж авчээ

Нэг хэсэг 450 кг жинтэй болж таван жилийн турш босч чадалгүй орондоо хэвтсэн Катрина Рейдфорд (38 настай) уйгагүй хөдөлмөрийнхөө ачаар 230 кг хасч анхныхаа усны хувцсыг худалдаж авчээ. Турахгүй бол амьсгалахад ч бэрх болоод байсан Флоридагийн уугуул эмэгтэй хатуу чанд дэглэм баримтлахаас өөр аргагүй болсон юм. Хэдийгээр Катрина алхаж, усанд шумбаж байгаа ч 70 кг унжмал арьснаасаа салах хэрэгтэй байна. Тэрээр үүнд шаардлагатай 10 мянган долларыг олохын тулд GoFundMe сайт дээр хандив цуглуулахаар шийджээ. “Би одоо илүү жаргалтай, өөртөө итгэлтэй байна. Удаан хугацаагаар орондоо хэвтлээ. Жингээ хасч босч явдаг боллоо. Би ойрхон гүйж, долоо хоногт 3-4 удаа фитнесст явж байна” хэмээн 12 настайдаа л ээжээсээ том болж, 25 наснаасаа 400 кг татах болсон Катрина өгүүлэв. Амттан, чихэр жимсэнд донтож, нууцээр идсээр байгаад ингэж таргалсан аж.
Америк бүсгүй босч чадалгүй хэвтэж байхдаа идэхээс өөрийг үл хийж, өдөр, шөнийн турш интернэтээр хэсдэг байв. “Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү, муу үе. Би сэтгэлээр унаж, үхэхийг хүсдэг байсан. Одоо би энэ илүүдэл арьсыг дүр төрхөө гоё болгох бус, эрүүл мэндийнхээ төлөө авч хаях хэрэгтэй байна” хэмээн хэллээ. Одоогоор түүний нэр дээр 1100 доллар цуглаад байна.

Оскар Писториус суллагдлаа

Найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр таван жилийн ял сонссон Өмнөд Африкийн паралимийн тамирчин Оскар Писториус нэг жил хоригдсоны эцэст суллагдлаа. Тэрээр үлдсэн ял шийтгэлээ Претори хотод өвөөгийнхөө гэрт хорионд өнгөрөөх юм. Писториусыг мөн сэтгэцийн эмчилгээ хийлгэх, зэвсэг эзэмшихгүй байх гэсэн болзолтойгоор сулласан байна.
Гүйлтийн төрөлд гялалзаж, паралимпоос зургаан алтан медаль авч байсан Оскар Писториус 2014 оны аравдугаар сараас шоронд ял эдэлж эхэлсэн юм. Тэрээр найз бүсгүйгээ дээрэмчинтэй андууран буудсан хэмээн шүүхэд мэдүүлсэн ч түүнийг санаатайгаар хэд хэдэн удаа буудаж амь насанд нь хүрсэн хэмээн олон хүн үздэг. Хиймэл хөлтэй Писториус 2012 оны Лондоны олимпод эрүүл тамирчдын хамтаар уралдаж байжээ.

Үхлийн тариа дуусч цааз хойшилжээ

АНУ-ын Охайо муж үхлийн тарилганы нөөцгүй болсны улмаас цаазын ялын гүйцэтгэлийг 2017 он хүртэл хойшлуулаад байна. Мужийн захиргаанаас мэдэгдэж буйгаар, цаазлуулах ёстой 12 хоригдолд энэхүү завшаах тохиов. Охайо муж дээрх тариа, бэлдмэлийн нөөцөө дуусгасны дараа нөхөж авах гэж оролдсон ч шаардлагатай химийн бүтээгдэхүүн гадаадаас орж ирэхгүй байгаагийн улмаас бүтэлгүйтсэн аж. Америкт 32 муж цаазыг ялыг ашигладаг. Цаазын ялын гүйцэтгэлээр Техас муж тэргүүлдэг ажээ.

Дэлхийн шилдэг хөтөчийг шалгаруулжээ

Английн Guardian сонин жуулчдын дэлхийн шилдэг арван хөтөчийг шалгаруулжээ. Хамгийн шилдэг хөтөчөөр Бельгийн Стефан де Греф тодорлоо. Тэрээр Камбожийн Ангкор сүмийн тайлбараар мэргэшсэн нэгэн аж. Бээжин хотоор хоол ундны хөтөл-тайлбарлагч хийдэг Лиллиан Чоу, Босни Герцеговина улсад жуулчдыг авч явдаг Нено Новакович нар эхний гуравт багтжээ. Дэлхийн шилдэг арван хөтөч-тайлбарлагчид Оросын Феликс Мальцев багтсаныг ихэд онцолж байна. Москва хотод жуулдыг хүлээн авч “Мосфильм” киностуди, музей зэргээр авч явдаг Мальцев мөн “Сталины Москва”, “Еврейн Москва” зэрэг тусгай аялалыг зохион байгуулдаг. Орос хөтөч англиар тайлбараа хийж, Борис Пастернак, Осип Мандельштам, Марина Цветаева нарын шүлгийг англиар уншиж өгдөг байна. Зөвхөн түүний мэргэшсэн, тусгай тайлбар, яриаг сонсох гэсэн хүмүүс гадаадаас захиалгаа өгч ирдэг ажээ.

Хамгийн хэцүү арван хэл

Foreign Service Institute-ээс дэлхийн хамгийн хэцүү арван хэлний жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ төрөлх англи хэлтэй хүмүүс сурахад хэмгийн хэцүү гэдэг шалгуурыг гол болгожээ. Хэцүү дүрэм болон маш олон үсэг, дүрстэй (ханз)-гээрээ япон, солонгос хэл тэргүүлсэн байна. Монгол улс болон Хятадын өмнөд хэсгийн зургаахан сая хүн ярьдаг монгол хэл кирилл болон дээрээсээ доошоо бичдэг хуучин бичигтэй, хамгийн олон эгшигтэй гэдгээрээ хэцүү хэлэнд багтсан ажээ.

1.    Япон
2.    Солонгос
3.    Араб
4.    Польш
5.    Гүрж
6.    Мандарин хятад
7.    Унгар
8.    Тай
9.    Монгол
10. Финн



No comments:

Post a Comment