Мессигийн том ахыг баривчилжээ
“Барселона” клубын аргентин хөлбөмбөгч Лионель Мессигийн
том ах Матиас Месси галт зэвсэг хууль бусаар авч явсан хэргээр баривчлагджээ. Аргентины
Росарио хотын цагдаа тусгай ажиллагаа явуулахдаа Матиасын Audi A5 автомашиныг
шалгах гэтэл тэрээр эсэргүүцсэн аж. Цагдаа нар автомашиныг хүчээр шалгахад ямар
ч зөвшөөрөлгүй 22 калибрын гар буу гарч ирсэн байна.
Матиас Мессийн баривчлах үеэр тэрээр цагдаа нартай
маргалдаж, ноцолдсон аж. “Барса”-гийн одын ах хөмсгөө урж, хоёр цагдаа хөнгөн
гэмтсэн байна. Матиас Месси 2008 онд зөвшөөрөлгүй гар буу авч явсан хэргээр
саатуулагдаж байжээ.
“Исламын улс”-ын дайчид Ялалтын хаалгыг устгалаа
“Исламын улс” террорист бүлгийн дайчид Сирийн Палмира хот
дахь Ялалтын хаалгыг дэлбэлэн устгалаа хэмээн Reuters агентлаг Сирийн эртний
хөшөө дурсгалыг хамгаалах хорооны мэдэгдлээс иш татан уламжлав. Эртний түүхт байгууламжийг
устгахын тулд босогчид ихээхэн хэмжээний дэлбэрэх бодис ашиглажээ. Палмира дахь
Ялалтын хаалга нь манай эрины II зуунд баригдсан. 20 метр өндөртэй энэ хаалга
хотын худалдааны гол гудамжинд босч байсан аж.
Сирийн босогчид есдүгээр сарын 4-нд Палмира дахь манай
эрины өмнөх 103-44 онд хамаарах оршуулгын гурван бунханг дэлбэлсэн билээ. “Исламын
улс” бүлгийнхэн ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Палмира хотыг энэ оны
тавдугаар сард эзэлсэн юм.
Бөмбөгдөлтөд өртсөн эмнэлгийг талибууд ашиглаж байжээ
Америкийн нисэх хүчний дайралтад өртсөн “Хил хязгааргүй
эмч нар” байгууллагын эмнэлгийг “Талибан” хөдөлгөөний дайчид ашиглаж байсан
хэмээн Афганистаны Кундуз мужийн захирагч Хамдулла Даниши мэдэгдлээ. Түүний
баталж буйгаар, АНУ-ын байлдааны онгоцууд эмнэлгийг довтлохоос өмнө талиб
дайчид тус эмнэлгийн дотроос байнга гал нээж байсан аж. Харин бөмбөгдөлтийн үед
эмнэлэгт талибууд байгаагүй хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагынхан
баталж байгаа юм. Агаарын дайралтын улмаас 22 хүн амиа алдсан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эмнэлгийн ажилтнууд,
энгийн иргэд амь үрэгдсэн гүнээ харамсаж буйгаар илэрхийлсэн ч агаарын
дайралтын талаар ямар нэг мэдэгдэл хийхээс татгалзжээ. Тэрээр Афганистан дахь
эмнэлгийг бөмбөгдсөн явдлыг судлан шалгаж дуусахаас нааш мэдэгдэл хийхгүй гэсэн
юм.
ОХУ-ын байлдааны онгоцууд “Шахидын бүс”-ний үйлдвэрийг
сөнөөв
ОХУ-ын нисэх хүчний онгоцууд уржигдар Сирийн газар нутаг
дээрх “Исламын улс” бүлгийн арав орчим байгууламжийн эсрэг 20 довтолгоо хийлээ
хэмээн Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Тухайлбал, Идлиб мужид СУ-25
онгоцууд босогчдын бэлтгэлийн баазыг довтолж “Шахидын бүс” буюу амиа золиослогч
алан хядагчдын авч явдаг тэсрэх бөмбөгийн үйлдвэрийг устгажээ. Мөн “Исламын улс”
бүлгийн командлалын дөрвөн байр, зэвсгийн агуулах, таван хуягт техникийг
устгасан байна. Тус мужийн Жиср-эш-Шугур хот орчмын зэвсгийн гурван нөөц
агуулахыг бөмбөгджээ. Маарет Нуман тосгон дахь удирдлагын байр болон зэвсгийн
агуулахыг бөмбөгдөж устгаад байна. Үүнээс гадна Ракка мужийн Эт-Табка хот дахь
босогчдыг бэлтгэх төвийн дэд бүтцийг устгаснаа зарлалаа.
“Довтолгооны явцад манай агаарын хүчин “Исламын улс”
бүлгийн удирдлагын байр, материал-техникийн хангамжийн системийг устгаж, мөн
Сирийн газар нутаг дээр халдлага үйлдэхдээ ашигладаг босогчдын дэд бүтцэд
ихээхэн хохирол учрууллаа” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд
дурджээ.
Ливаны Al Akhbar сонинд бичсэнээр, Оросын нисэх хүчин
террористууд өөрсдийн нийслэлээр зарласан Сирийн Ракка хот дахь “Исламын улс”-ын
байрлалыг бөмбөгдсөний дараа босогчид гэр бүлээ нүүлгэн шилжүүлж, мөн өөрсдийн
хяналтад байдаг Иракийн Мосул хот руу зөөж эхэлсэн аж. Шинэ довтолгооноос айсан
хэт даврагчид төв штабын байраа орхиж, орон сууцны хороолол руу шилжих болжээ. Оросын
нисэх хүчний довтолгооноос зайлсхийсэн лалын босогчид хотын гудамжаар эргүүл
хийх нь багасчээ.
ОХУ-ын
нисэх хүчин есдүгээр сарын 30-наас хойш Сирийн газар нутаг дээр “Исламын улс”
бүлгийн эсрэг ажиллагаа явуулж байна. Оросын зэвсэгт хүчин улс оны Ерөнхийлөгч
Владимир Путиний тушаалаар ажиллаж байгаа юм. Сирийн удирдагч Башар Асад ОХУ-д
хандаж цэргийн тусламж хүссэн билээ.
No comments:
Post a Comment