Wednesday, October 7, 2015

Холбоотны нисэх онгоцууд энгийн иргэдийг довтолжээ

Арабын орнуудын цэргийн эвсэл Йеменд болж байсан хуримыг агаараас довтолсны улмаас 15 хүн амиа алдаж, 25 хүн шархдаж гэмтжээ. Associated Press агентлаг гэрчүүд болон аюулгүйн албаны төлөөлөгчдийн эх сурвалжаас иш татан ийнхүү мэдээллээ. Агаарын довтолгоо аравдугаар сарын 7-нд нийслэл Сана хотоос 113-т орших Дамар мужид болсон байна. Пуужин хусит омгийн нэгэн босогчийн гэрийг оносон ба энэ үеэр тэнд хурим болж байжээ.
Есдүгээр сарын 28-нд Аль-Мокха хотоос холгүй орших Вахижа тосгонд мөн ийм эмгэнэлт явдал болсон юм. Холбоотны агаарын довтолгоо хуримын ёслол дээр бууж хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 130 хүн амиа алдсан билээ. Арабын орнуудын цэргийн эвслийг дэмждэг Йемений Ерөнхийлөгч Мансур Хадигийн төлөөлөгч “Энэ бол эмгэнэлтэй алдаа” хэмээн мэдэгджээ.
Эрх баригчдын бодлогод дургүйцдэг хусит босогчид 2014 оны есдүгээр сард Йемений нийслэл Сана хотыг эзэлсэн юм. 2015 оны гуравдугаар сард босогчид стратегийн чухал ач холбогдолтой Аден хотыг эзэлсний дараа улс орны Ерөнхийлөгч Саудын Араб руу зугтан гарчээ. Удалгүй Саудын Араб болон түүний холбоотнууд Мансурыг эрх мэдэлд нь буцаахын тулд Йеменд цэргийн ажиллагааг эхлүүлсэн аж. Агаарын довтолгооны улмаас Йемений олон зуун энгийн иргэн амь насаа алдаад байна. Иран Арабын орнуудын эвслийн цэргийн ажиллагааг үй олноор устгалт хэмээн мэдэгдсэн юм.

Америк бүсгүй DuPont-оос 1.6 сая доллар авна

АНУ-ын Охайо мужийн оршин суугч, 59 настай Карла Бартлетт DuPont химийн үйлдвэртэй заргалдаж шүүх дээр ялалт байгуулснаар 1.6 доллар авахаар болоод байна. Тэрээр DuPont үйлдвэрээс алдагдсан хүчилд хордсон ундны ус хэрэглэсний улмаас бөөрний хорт хавдартай болсон хэмээн шүүхэд ханджээ.
Охайо мужийн Мид Велли дүүргийн хэсэг оршин суугч мөн дээрх химийн бодистой усанд хордсон хэмээн мэдүүлж байгаа юм. Хорт бодистой ундны усны улмаас гурван мянга 500 орчим хүн өвчилжээ. Карла Бартлетт шүүх дээр ялалт байгуулсан нь ийм маягаар хордож хохирсон хүмүүст ашигтай тусах бололтой.
Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа DuPont компани давж заалдахаар болжээ.




Х.Клинтон чөлөөт худалдааны гэрээг шүүмжлэв

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай Хиллари Клинтон АНУ болон Ази-Номхон далайн 11 орны хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг эсэргүүцэж байна. “Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал би энэ тохиролцоог дэмжихгүй. Валютын ханшийг буулгаж, худалдаанд давуу тал олгох талаар энэ гэрээнд тусгаагүй байна” хэмээн тэрээр хэллээ. Мөн дээрх гэрээний улмаас Америкт ажлын байр хорогдож, хэрэглэгчид хохирно хэмээн Хиллари үзжээ. “АНУ-д ажлын байр нэмэгдүүлж, цалинг өсгөж, бидний үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тустай чөлөөт худалдааны гэрээг байгуулах хэрэгтэй гэдгийг би анхнаасаа хэлж байсан” хэмээн Х.Клинтон ярьжээ.
Номхон далай дамнасан худалдааны хамтын ажиллагааны гэрээг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама аравдугаар сарын 5-нд зарласан юм. Хамтын ажиллагааны хүрээнд Ази-Номхон далайн бүс нутагт 12 орныг багтаасан чөлөөт худалдааны бүс байгуулна. АНУ, Канад, Мексик, Перу, Чили, Малайз, Бруней, Сингапур, Вьетнам, Япон, Австрали, Шинэ Зеланд улс ийнхүү санаагаа нэгтгэжээ.

Гватемалд Фуэго галт уул сэргэжээ

Гватемалын баруун хэсгийн нутагт Фуэго галт уул идэвхжиж эхлээд байна. Галт уул үнс цацаж эхэлсэн хэмээн Үндэсний чичирхийллийн хүрээлэн, Галт уул судлалын төвөөс мэдэгдлээ. Одоогоор үнс далайн түвшнээс дээш 4.8 км-ийн өндөрт цацагдаж, халуун хайлмаг лавын урсгал өмнө тийш нэг км, баруун тийш 700 метр яваад байгаа аж.
Эрх баригчид тэр хавийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд арай эрт байна хэмээн мэдэгдсэн ч байнгын бэлэн байдалд байгаа юм. Хэд хоногийн өмнө Гватемалд хөрсний нуралт болж 200 гаруй хүн амиа алдсан билээ. 

No comments:

Post a Comment