Monday, October 5, 2015




Сирийн тэнгэрт маш олон байлдааны онгоц сүлжилдэж байна

Сирийн агаарын орон зайд янз бүрийн эвсэл үйл ажиллагаа явуулж байгаа нь аюултай нөхцөл байдлыг үүсгэж байна хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ. “Өнөөдөр хэд хэдэн орон, хэд хэдэн эвсэл Сирийн тэнгэрт байлдааны онгоцоо хөөргөж байна. Ингэснээр аюулаар дүүрэн хэврэг нөхцөл байдлыг үүсгэж байна” хэмээн тэрээр өгүүлэв. Жишээ болгож Оросын нисэх онгоцууд Туркийн агаарын орон зайг зөрчсөнийг дурдлаа.
Сири дахь “Исламын улс” болон бусад террорист бүлгийн эсрэг ямар ч ажиллагаа олон улсын хууль дүрэм, хүмүүнлэгийн хэм хэмжээний дагуу явагдах ёстой хэмээн НҮБ үзэж байна. Даваа гаригт Оросын Су-30 сөнөөгч онгоц навигац, удирдлагын төвийн алдааны улмаас Туркийн агаарын орон зайд нэвтрэн орсон юм. ОХУ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, өөрийн санаачилгаар Туркийн талд мэдэгдсэн байна.

Бразил олимпийн зардлыг 30 хувь бууруулна

Бразилийн олимпийн хороо ирэх жил зохион байгуулах олимпийн тоглолт, паралимпийн тоглолтын зардлыг 30 хувь бууруулахаар болсноо зарлалаа. Улс орон дахь эдийн засгийн гүнзгий хямрал ард иргэдийг бүсээ чангалахад хүргэж байна хэмээн Олон нийттэй харилцах газрын дарга Мариу Андрада хэллээ.
Тус улсын эрх баригчид, олимпийн хороо 2013 онд гарч байсан бослого, хөдөлгөөнийг дахин хүсэхгүй байна. ФИФА-гийн холбооны цомын тэмцээний тансаглал, илүү зардлыг олон хүн эсэргүүцэн жагсаж байсан билээ.
Үүнээс гадна, олимпийг зохион байгуулах хороо “Маракана” цэнгэлдэхэд болох 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн нээлтийн ёслолын зардлыг танахаар болов. Риогийн олимпийн бэлтгэл, дэд бүтцийн бүтээн байгуулалт удаашралтай явагдаж байгааг Олон улсын олимпийн хорооны гишүүд шүүмжилж байгаа юм.

Alibaba-г үндэслэгчийн зурсан зураг 5,4 сая доллараар зарагдав

Alibaba компанийг үндэслэгч, эзэмшигч Жек Ма зураач Зэн Фанжитэй хамтран зурсан зураг Хонконг дахь дуудлага худалдаанд 5.4 сая доллараар зарагдлаа. Анхны үнэ 322 мянган доллар байсан ч 17 дахин их үнэ хүрчээ. Орлогыг экологийн асуудал эрхэлдэг Paradise International Foundation санд хандивлах аж.
Эх дэлхийг дүрсэлсэн “Диваажин” хэмээх зургийг 2014 онд зуржээ. Жек Ма энэ зургаараа дэлхий нийтийн анхаарлыг хүрээлэн буй орчинд хандуулахыг хүссэн байна.
Хятадын бизнесмэн Жек Ма интернэт худалдааны Alibaba Group-ийг үндэслэн байгуулсан юм. 2015 оны байдлаар түүний хөрөнгө 31.2 тэрбум долларт хүрээд байна. Тэрээр өнгөрсөн онд 2.3 тэрбум долларыг буяны үйл хэрэгт зарцуулжээ.

Кубад Арабын нэгдсэн эмиратын ЭСЯ нээгдлээ

Кубын нийслэл Гавана хотод Арабын нэгдсэн эмиратын Элчин сайдын яам нээгдлээ хэмээн Итар-Тасс мэдээлэв. Нээлтийн ёслолд эмиратын Гадаад хэргийн сайд, шейх Абдалла бен Заид Аль-Нахайян, Кубын дипломат албаны тэргүүн Бруно Родригес нар оролцжээ. Талууд хоёр улсыг шууд нислэгээр холбох талаар тохиролцоонд хүрч, Кубын эдийн засаг, нийгмийн салбарт зээл олгох хэлэлцээг хийж байна. “Ойрын үед бидний харилцаа цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээн шейх Аль-Нахайян хэллээ. Куба, Арабын нэгдсэн эмират нь 2002 онд дилломат харилцаа тогтоосон юм. 

No comments:

Post a Comment