Tuesday, October 6, 2015




14 зааныг цианидаар хордуулжээ

Зимбабве дахь дархан цаазат газарт хулгайн анчид 14 зааныг цианидаар хордуулан алж, зургаан зааны соёог нь авч явжээ. Мэргэжилтнүүд үхсэн заануудын бөөр, элгийг судлаад хулгайн анчид жүржинд цианид шингээж хордуулж алсныг тогтоосон юм. Одоогоор хэн нэгнийг баривчилж чадаагүй байна.
2014 оны арванхоёрдугаар сард Зимбабвейн эрх баригчид Хванга дахь дархан цаазат газрын зарим зааныг худалдах хүсэлтэй байгаагаа  мэдэгджээ. Хятад, Франц, Арабын нэгдсэн эмират улс уг амьтныг худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн аж. Нэг зааны үнэ наснаас нь хамаарч 40-60 мянган долларт яригдаж байжээ. Эндээс олсон мөнгийг хулгайн анчдын эсрэг тэмцэлд зарцуулахаар төлөвлөж байв. Өнгөрсөн онд тус улсад 139 заан хулгайн анчдын олз болжээ.
2013 онд Хвангад 300 зааныг цианидаар хордуулсан хэрэг гарч байсан юм.

Samsung-ийн орлого 80 хувиар өсчээ

Өмнөд Солонгосын Samsung Electronics компанийн орлого 2015 оны гуравдугаар улиралд өнгөрсөн он мөн үеийнхээс 79.8 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, жилийн дотор 80 хувиар нэмэгдсэн аж. Тус компанийн гуравдугаар улирлын орлого 7.3 их наяд вон буюу 6.3 тэрбум долларт хүрчээ. 2014 оны энэ үед 4.1 мх наяд воны орлого цугларч байжээ. Samsung-ийн санхүүгийн дэлгэрэнгүй тайлан аравдугаар сарын төгсгөлөөр гарах аж. Компанийн орлого, ашиг өсөхөд ухаалаг утасны борлуулалт ихээхэн үүрэгтэй байна. Дашрамд сонирхуулахад, Samsung төв байрны ажилтнуудаа 10 хувиар цомхотгохоор болжээ.

Стиви Уондер хоёр дахь эхнэрээсээ салав

 Уянгын дууны нэрт мастер Стиви Уондер эхнэр Кай Миллард Моррисоос албан ёсоор саллаа хэмээн TMZ сайт мэдээлэв. Уондер, Моррис нар 2001-2009 онд ханилж хоёр хүүхэдтэй болсон юм. Үүний дараа тэд тусдаа амьдарч байгаад ийнхүү албан ёсоор салж байна. Хүүхдүүдийнхээ асран хамгааллыг хоёул хариуцахаар болжээ. 65 настай дуучин хүүхдүүдээ аялан тоглолтод хамт авч явж болох ба экс эхнэр нь хүүхдүүдийн хоол унданд сард 25 мянган долларын тэтгэмж авах юм. Нэрт дуучин шүүхийн баримт бичиг дээр гарын үсэгнийхээ оронд хурууны хээгээ дарсан байна. Хараагүй дуучин Стиви Уондер нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дуртай оддын нэг юм.

400 мянган хууль бус цагаачийг эх оронд нь буцаана

Дүрвэгчийн статус олгохоос татгалзсан 400 мянга гаруй хүнийг ойрын үед Европоос гаргаж эх орон руу нь буцаана хэмээн The Times сонинд бичжээ. Энэ оны эхний хагаст Европын холбооны улсуудад ирээд байгаа цагаачдын хүсэлтийг хүлээн авч зохих хариуг өгөөд байгаа аж.
Нигери, Эритрей зэрэг улсууд өөрсдийн иргэдээ эргүүлэн хүлээж авахаас татгалзвал тусламж, худалдааны гэрээ, визний тохиролцоог цуцлана хэмээн Брюссель сүрдүүлж байна. Дээрх хоёроос гадна Афганистан, Ливи, Сирийн зөвшөөрөлгүй цагаачдыг эх оронд нь буцаана, эс зөвшөөрвөл хүчээр буцаана хэмээн Английн сонинд онцолсон байна.

Цагаачдыг эх нутагт нь буцаах үйл явцыг Европын холбооны гадаад хил хязгаарын аюулгүй байдлын агентлаг (Frontex) хянаж зохицуулна. Хууль бус цагаачдыг буцаах олон улсын хууль дүрмийг биелүүлээгүй орон Европын холбооны зүгээс торгуульд өртөх ажээ. 

No comments:

Post a Comment