Wednesday, October 14, 2015



Анкарад халдлага үйлдсэн хүмүүсийг нэрлэжээ

Аравдугаар сарын 10-нд Анкара хотод болсон халдлагын улмаас 99 хүн амь насаа алдсан хэмээн Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдлээ. 94 хүний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ. Зарим мэдээллээр, алан хядах ажиллагаанд 106 хүн амиа алдсан гэж байна. Туркийн эрх баригчид терроризмыг өөгшүүлэн дэмжсэн сурталчилгаа болно гэж үзсэний үндсэн дээр Анкара дахь аллагын зураг, бичлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахыг хориглосон юм.
Халдлага болсноос хэд хоногийн дараа цагдаагийн газраас амиа золиослон бөмбөг дэлбэлсэн хэмээн үзэж буй хүмүүсийн нэрийг зарлажээ. Нийслэл хотод халдлага үйлдсэн хоёр этгээдийн нэг нь Юнус Амир Алагоз гэгч ажээ. Тэрээр “Исламын улс” бүлгийн гишүүн Абдуррахман Алагозын дүү юм. Абдуррахман нь Сирийн хил орчмын Туркийн Суруч хотод халдлага зохион байгуулж байсан этгээд аж. Анкарад бөмбөг дэлбэлсэн хоёр дахь этгээд нь Омер Дениз Дундар. Аллага болсон газраас ДНК-ийн дээж авч шинжилгээ хийсний дараа дээрх хоёр этгээдийн нэр усыг тодруулсан байна. Тэд хоёулаа “Исламын улс” бүлэгт харъяалагддаг хэмээн үзэж байна.

Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу Анкарад болсон халдлагад “Исламын улс” бүлгийг сэжиглэж байгаагаа мэдэгдсэн юм. Нийслэл Анкара хотын төмөр замын буудлын орчимд аравдугаар сарын 10-нд хоёр дэлбэрэлт болсон. Туркийн эрх баригчид болон курд үндэстний хоорондох цуст мөргөлдөөнийг эцэс болгохыг уриалсан хүмүүс уриа лоозон барьж жагсах үеэр бөмбөг дэлбэрсэн юм. 14 мянга орчим хүн жагсаалд оролцож байсан бөгөөд 100 орчим хүн халдлагын золиос болж амиа алджээ. Эхэндээ Туркт хориглогдсон Курдистаны Ажилчдын намын босогчдыг халдлагад сэжиглэж байсан ч тус бүлэг “Бид энд хамаагүй” хэмээн мэдэгдсэн байна. Туркийн цэргүүд Сири дахь терроризмын эсрэг ажиллагаанд оролцож байгаа нь “Исламын улс” бүлгийн дургүйг хүргэж, Туркт халдлага зохион байгуулахад хүргэсэн хэмээн үзэж байгаа аж.  

No comments:

Post a Comment