Tuesday, October 20, 2015




АНУ энхийн хэлэлцээ хийх бодолгүй байна

АНУ-ын тал Хойд Солонгостой энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх бодолгүй байна хэмээн Хойд Солонгосын асуудал хариуцсан Вашингтоны тусгай төлөөлөгч Сон Ким мэдэгдлээ. “Энхийн гэрээ байгуулах боломжийн талаар ярилцах санал Хойд Солонгосоос гарсан. Харин АНУ иймэрхүү хэлэлцээнд орох сонирхолгүй байна” хэмээн тэрээр хэлжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах зургаан талт хэлэлцээ амжилттай болвол энхийн гэрээний тухай яриа хэлэлцээг эхлүүлэх урьдчилсан нөхцөл болж магадгүй хэмээн Америкийн тусгай төлөөлөгч үзэж байна. Гэхдээ Пхеньян цөмийн зэвсэггүй болно гэсэн тодорхой амлалт өгсөн тохиолдолд л хэлэлцээний талаар ярьж болох аж. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрийн талаарх яриа хэлэлцээг сэргээх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

Ах дүү Кастрог шоглож зураад шийтгүүлжээ

Кубын удирдагч Рауль Кастро, Фидель Кастро нарыг шоглосон гудамжны зураач Данило Малдонадо арван сар хоригдсоны эцэст суллагдлаа. Гудамжны зургаар алдаршсан Малдонадо өнгөрсөн намар Фидель, Рауль нэртэй хоёр гахайг зурж байгаад цагдаа нарт саатуулагдсан юм. Зураач залууд ямар нэг хэрэг тулгаагүй ч арван сар хорьжээ. Хүний эрхийн Amnesty International байгууллага Гаваны эрх баригчдад хандаж шүүх, мөрдөн шалгалтгүйгээр хүмүүсийг хорьж, саатуулахаа зогсоохыг уриалав. Эрх баригчид Малдонадо болон бусад албан бус уран бүтээлчдийг Вашингтоны хөлсний этгээдүүд хэмээн нэрлэдэг аж. Харин зураачийг дэмжигчид “Орчин үеийн урлагийн хүн ямар ч сэдвээр зурж, туурвих эрхтэй” хэмээн мэдэгдэж байна.

Канадад сөрөг хүчин сонгуульд яллаа

Канадад болсон сонгуульд сөрөг хүчний Либерал нам ялалт байгуулжээ. Жастин Трюдогийн тэргүүлдэг нам холбооны парламентын ихэнх суудлыг авчээ. Трюдо есөн жил Ерөнхий сайдын алба хашиж буй Консерватив намын Стивен Харперийг залгамжлахаар болж байна. С.Харпер ялагдлаа хүлээн зөвшөөрч Ж.Трюдод баяр хүргэжээ. Либерал намын гишүүд, дэмжигчдийн өмнө гарч ирсэн Трюдо “Өөрчлөлт, шинэчлэл хийх цаг болсныг канадууд энэ сонголтоороо харууллаа” хэмээн онцлов. Канадын шинэ эрх баригчид Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцохоо зогсооно хэмээн мэдэгджээ.

Стамбулд лалын босогчдыг нууцаар бэлтгэдэг байжээ


Туркийн тусгай албаныхан Стамбул хотод “Исламын улс” бүлгийн дайчдыг бэлтгэдэг нууц төвүүдийг илрүүлээд байна. Терроризмын эсрэг тэмцэх хэлтсийн ажилтнууд Стамбул хотын 13 хаяг, байршилд нисдэг тэрэгний тусламжтайгаар дайралт хийжээ. Узбек, тажик үндэстэн голдуу 53 хүнийг баривчилсны 29 нь насанд хүрээгүй залуус байв. Лалын босогчдыг бэлтгэх ажиллагааг ихэвчлэн байр, орцны хонгилийг түрээслэж явуулдаг байжээ. Хүүхэд залууст “Исламын улс” бүлгийн эзэлсэн газар нутаг болон лалын халифат улс байгуулах тухай ярьж сэнхрүүлдэг байсан аж. Мөн байлдах ур чадварын бэлтгэл хийлгэж байгаад Сири, Ирак дахь дайн байлдааны үйл ажиллагаанд оролцуулдаг байсан бололтой. 

No comments:

Post a Comment