Monday, October 12, 2015




Хятадын нефтийн компанийн экс тэргүүн шийтгүүлэв

Хятадын нефтийн томоохон компани болох CNPC-ийн тэргүүн асан Цзян Зэмин, Коммунист намын Сычуань муж дахь салбарын орлогч дарга асан Ли Чунчэн нар шүүхээс ял сонслоо. Хоёр шүүхийн шийдвэр даваа гаригт гарсан хэмээн Associated Press агентлаг уламжлав. Цзян Зэмин нийтдээ 14 сая юанийн хахууль авсан нь тогтоогдсон юм. Тэрээр мөн өөрийн дансан дахь ийм хэмжээний мөнгөний гарал үүслийг тайлбарлаж чадахгүй байгаа аж. Үүний хажуугаар Цзян хамтрагчиддаа төрийн нэрээр баяжих, албан тушаалаа буруугаар ашиглах боломжийг олгож байжээ. Шүүхээс түүнд 16 жилийн хорих ял оноогоод байна. 40 сая юанийн авлига авсан Ли Чунчэн 13 жилийн ялаар шийтгүүлжээ.
Цзян Зэмин Хятадын үндэсний нефть, хийн корпорацийг (CNPC) 2011-2013 онд удирдаж байсан ба мөн 2013 оны арванхоёрдугаар сараас хойш БНХАУ-ын Төрийн зөвлөл дахь Төрийн өмчийг хянах, удирдах хорооны даргаар ажиллаж байсан юм. Ли Чунчэн 2011-2012 онд намын бүс нутгийн тэргүүний орлогчийн албыг хашиж байжээ. Цзян, Ли нар Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын гишүүн, улс орны нөлөө бүхий удирдагч байсан Чоу Юнканы хүмүүс гэгддэг. Чоу Юнкан 2015 оны зургадугаар сарын 11-нд авлига авсан, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, төрийн нууцыг санаатайгаар задруулсан хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон билээ.
Аравдугаар сарын 8-наас Хятадын нефтийн бас нэг том компани Sinopec-ийн Удирдах зөвлөлийн дарга асан Су Шулинийг мөрдөн шалгах ажиллагаа эхлээд байна. Sinopec-ийн ерөнхий захирал асан Ван Тяньпуг есдүгээр сарын дундуур Коммунист намын эгнээнээс хөөжээ. Цзян Зэминээс CNPC-ийн тэргүүний халааг авсан Ляо Юнюанийг аль гуравдугаар сараас хойш мөрдөн шалгаж байна.

Си Зиньпин 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга болсныхоо дараа авлига, албан тушаалын хэрэгтэй хүчтэй тэмцэнэ, авлигач барыг ч, ялааг ч намнана хэмээн мэдэгдсэн юм. Авлигад автсан том, жижиг ямар ч түшмэлийг өршөөхгүй гэдгээ тэрээр Хятадын Ардын их хурлын индэр дээрээс зарлажээ. Тэр цагаас хойш хэд хэдэн томоохон албан тушаалтан, бизнесмэнийг авлигын хэргээр шийтгээд байна. 

No comments:

Post a Comment