Sunday, October 18, 2015





Цагаачлалыг эсэргүүцэгчид сонгуульд манлайлж байна

Швейцарийн парламентын сонгуульд үндсэрхэг-консерватив үзэлтэй Швейцарийн ардын нам 28 хувийн саналаар тэргүүлж байна. Тус нам парламентын 200 суудлын 60-ыг авах нь тодорхой болжээ. Цагаачлалыг хатуу ширүүн эсэргүүцдэг Швейцарийн ардын намын ялалт нь Европыг нөмрөөд байгаа дүрвэгсдийн давалгаатай холбоотой хэмээн улс төр судлаачид үзэж байна. Хоёр дахь хүчирхэг улс төрийн хүчнээр цагаачлалын асуудлаар аядуу байр суурь баримталдаг Социал-демократ нам (18 хувь) тодорчээ. Либерал нам 16 хувийн санал авлаа. Сонгуулийн дүнгээр парламент дахь хүчний хуваарилалт холилдож барууны төвийн үзэл давамгайлна хэмээн үзэж байна. Дөрвөн том нам эвсэл байгуулах нөхцөл бүрджээ. Швейцарьт 1950-аад оноос хойш эвслийн Засгийн газар тасралтгүй төр барьж байгаа юм.

Ламар Одом ухаан орж, хөдөлж эхэлжээ

Гурав хоногийн турш ухаангүй байсан НБА-ийн хоёр удаагийн аварга Ламар Одом ухаан орж, орноосоо өндийх боллоо хэмээн хэвлэлүүд мэдээлэв. Тэрээр ярьж, инээмсэглэх болсон хэмээн Huffington Post сонин уламжлав. 35 настай сагсанбөмбөгчийн бие мэдэгдэхүйц сайжирч байгаа ч буцаад муудах магадлалтай хэмээн эмч нар санууллаа. Л.Одом Лас-Вегас хотын Sunrise эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хэвээр байна. Тэрээр цөөн хэдэн үг хэлж чадаж байгаа ч ихэвчлэн дохио зангаагаар харилцаж байгаа аж.
Los-Angeles Lakers-т тоглож НБА-ийн аварга болж байсан Одом аравдугаар сарын 13-нд ухаан алдаж хиймэл амьсгалын аппарат залгуулсан юм. Түүнийг зүрхний дутагдалд орсон, бөөр үрэвссэн, унахдаа толгой, тархиндаа гэмтэл авсан хэмээн эмч нар оношилжээ. Ламар Одом хар тамхи болон бэлгийн чадвар дээшлүүлэх эм  бэлдмэл хэрэглэсэн нь цусны шинжилгээгээр тогтоогдсон байна. Сагсанбөмбөгчийг Невада мужийн “Love Rancho” хэмээх улаан дэнлүүний газарт ухаангүй байхад нь олсон юм.

Саудын Арабын нефтийн нөөц эрс өсчээ

Саудын Арабын түүхий нефтийн арилжааны нөөц 326.6 сая баррельд хүрсэн нь 2002 оноос хойшх дээд үзүүлэлт болж байна. Эр-Рияд дэлхийн нефтийн томоохон экспортлогч боловч өнгөрсөн наймдугаар сард экспорт 7.27 сая баррелиас (өдөрт) 7.1 сая баррель болж буурчээ. Түүхий нефть нөөцлөгч орнууд 2015 оны тавдугаар сард дээд үзүүлэлтэд хүрч, зургадугаар сард өдөрт 10.56 сая баррель нефть олборлосон нь 1980 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлт юм. Саудын Араб Европын зах зээлд гаргах нефтийнхээ хэмжээг нэмэгдүүлж эхэллээ хэмээн Bloomberg мэдээлэв.

Хамгийн өндөр мод хаана байдаг вэ?

Дэлхийн хамгийн өндөр мод хаана байдаг вэ, ямар төрлийн мод вэ гэсэн асуултад GEO сэтгүүл хариулт өглөө. АНУ-ын Калифорни мужид ургадаг Hyperion хэмээх мод хамгийн өндөрт тооцогдож байна. 2006 онд Сан-Францискогийн хойд хэсгийн Рэдвүд үндэсний дархан цаазат газраар зугаалж явсан хоёр аялагч энэ модыг олсон аж. Hyperion гэдэг нь эртний Грекийн домогт гардаг газар, тэнгэрийн бурхан буюу Дээрээс хардаг гэсэн утгатай үг ажээ.
Зогсолтгүй ургасаар байгаа энэ мод нь 115 метр өндөр, Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөөнөөс 20 метр нуруулаг гэсэн үг. Нийтдээ 526 метр куб эзэлхүүнтэй, 700-800 жилийн настай хэмээн судлаачид үзэж байна. Жуулчид, сониуч хүмүүсийн хөлд экосистем нь талхлагдахаас сэргийлж дэлхийн хамгийн өндөр мод яг хаана байгааг нууцалж байгаа юм. Харин хамгийн бүдүүн мод нь 14 метрийн диаметртэй Tule хэмээх мод   . Эрдэмтэд энэ модыг хоёр мянган жилийн настай хэмээн үздэг. Tule модны сүүдэрт 500 орчим хүн элбэг багтдаг ажээ.

400 жилийн настай сүм усны мандал дээр гарч иржээ

Мексикийн Чиапас муж дахь нэгэн усан сангийн мандал дээр 400 жилийн настай сүм гарч иржээ. Улс орны зүүн өмнөд хэсгийг нөмөрсөн ган гачгийн улмаас усны түвшин 24 метрээр доошилсны дараа живсэн сүмийн ихээхэн хэсэг ил гарсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, уг сүмийг XVI зуунд Испанийн колончлогчид барьжээ. Усны мандал дээр сүмийн ханан хэсэг гарч ирсэн нь зарим газраараа 10 метрт хүрч байна. Нийтдээ 61 метр урт, 14 метр өргөнтэй сүм ажээ.

Энэ сүм 1960-аад оны үед холгүй барьсан далангийн улмаас усанд автаж живсэн байна. 1540-өөд онд Мексикийн Чиапас мужид хэсэг санваартны хамт анх ирсэн хамба лам Бартоломе де лас Касасын санаачилгаар энэ сүмийг босгосон хэмээн үздэг ажээ.

No comments:

Post a Comment