Saturday, October 10, 2015




Агаарын довтолгоонд өртсөн хүмүүст нөхөн олговор өгнө

АНУ-ын Батлан хамгаалах яам Афганистаны Кундуз мужид Америкийн агаарын довтолгоонд өртсөн хүмүүсийн ар гэрт нөхөн олговор өгөхөөр болжээ. Энэ тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Питер Кук мэдэгдсэн байна. Эмгэнэлт хэрэг явдлын үр дагаварыг арилгах, нөхөн олговор олгох эрхтэй Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчин (USFOR-А) амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт нөхөн төлбөр олгож, эмнэлгийн барилгыг засварлах мөнгийг гаргах аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама алдаа гаргаж эмнэлгийн байрыг бөмбөгдсөнийхөө төлөө “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас уучлалт гуйсан юм. Пентагоны тэргүүн Эштон Картер мөн харамслаа илэрхийлж, алдаагаа хүлээн зөвшөөрчээ. Афганистаны Кундуз дахь олон улсын хүмүүнлэгийн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын эмнэлэг аравдугаар сарын 3-нд агаарын довтолгоонд өртөж 22 хүн амиа алдсан юм. 12 нь тус байгуулагын ажилтнууд байжээ.

Криштиано Роналдо хаант улсаа байгуулж байна

Дотуур хувцас, үнэртэй ус, цаг.... Криштиано Роналдо өөр юу санал болгож чадах вэ? Хамгийн сүүлд тэрээр өөрийн брэндийн гутлыг бий болгоод байна. Мэдээж түүний гутал нь “Тансаг” гэсэн шошготой. Сүүлийн жилүүдэд Лионель Мессийн хамтаар хөлбөмбөгийн ертөнцөд ноёлж байгаа португал залуу ширэн бөмбөгийн талбайгаас хальсан хаант улсаа босгож, бизнесийн салбар руу хүч түрэн орж ирж байна. Бизнесийн ертөнцийг байлдан дагуулсан хөлбөмбөгийн од түүнээс өөр байгаа гэж үү? Энэ талбар дээр гагцхүү Дэвид Бекхэм л түүнтэй өрсөлдөж чадна. Реал Мадрид багийн тоглогч Роналдо бизнесийг хэрхэн байлдан дагуулахын үлгэр жишээ болж байна.
CR7 Footwear бол Криштианогийн тансаг амьдралыг илэрхийлэх нэгэн хэмжүүр. Португал хөлбөмбөгчийн нэрийн гутлыг угласан хэн боловч зүгээр нэг гутал өмссөн биш, харин онцгой нэгэн амьдралын хэв маяг руу орж байна гэсэн үг.
Түүний брэндийн цаг 1400, үнэртэй ус 75 еврогийн үнэтэй. Мэдээж баян, тансаг зэрэглэлийн хүн л түүний нэрийн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Хамгийн сүүлд гаргасан CR7 Footwear брэндийн гутал нь 200-350 еврогийн үнэтэй. Европт 50 –аас дээш еврогийн үнэтэй гутал нь тансаг, баян хэрэглээнд ордог тул ийм үнэтэй гутлыг хэн худалдаж авах нь ойлгомжтой. Гар ажиллагаа, бусдаар ялгарсан дүр төрх, хосгүй нарийн чимхлүүр маяг нь Роналдогийн брэндийн гутлын гол онцлог ажээ.

Ким Чен Ун: “Бид ямар ч дайнд бэлэн”

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун Пхеньяны төв талбайд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын 70 жилийн ойн баярын цэргийн жагсаал дээр үг хэлэхдээ “Хойд Солонгос улс АНУ-ын эхлүүлсэн ямар ч дайныг сөрөн зогсож чадна. Манай армийн төмөр мэт зориг зүрх, эв нэгдэл  империалистуудын зүгээс ирэх ямар ч хориг арга хэмжээ, ганцаардуулалтыг тэсч, дайснаа үлдэн хөөж аймшгийн хязгаарт аваачиж чадна ” хэмээн мэдэгджээ. Ким Чен Ун цэргийн сүрт жагсаалаараа Хойд Солонгосын армийн сүр хүчийг дэлхий нийтэд харуулахыг зорьсон хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Тус улсын армийн хэдэн мянган цэрэг Пхеньяны төв талбай дээгүүр жагсаж өнгөрчээ. Мөн сөнөөгч онгоцууд агаарт 70 гэсэн тоог үүсгэн ниссэн байна.

Израиль Газын зурвасыг бөмбөгдөв

Сүүлийн хоёр долоо хоногт израиль, палестинуудын хоорондох мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндрээд байна. Өчигдөр Израилийн нисэх хүчин Газын зурвас дахь “Хамас”-ын байрлалыг бөмбөгджээ. Довтолгооны улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн шархдаад байна. Гурван хүн барилгын нурангид дарагдсан хэмээн Газын зурвасаас мэдээлэв. Эмч нарын баталж буйгаар, хөл хүнд бүсгүй гурван настай охины хамтаар амиа алджээ.
Палестинууд хоёр пуужин харвасны хариуд “Хамас” бүлгийн зэвсгийн агуулахыг довтолсон хэмээн Израилийн армийн төлөөлөгч мэдэгдэв. Лалын босогчдын нэг пуужин Израилийн нутаг дээр унасан бол, нөгөөг нь агаарт устгасан байна. Нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан цагдаагийн нөөц ажилчдыг дайчилсан хэмээн Ерөнхий сайд Б.Нетаньяху мэдэгдлээ.
Хоёр долоо хоногийн өмнө палестинууд хоёр израиль иргэн рүү довтолж хутгалж амь насанд нь хүрчээ. Үүний дараа Израилийн цагдаа хуучин Иерусалим дахь лалуудын Аль-Акса сүмийг хаасан нь палестинуудын дургүйг хүргэсэн юм. Улмаар Израилийн арми, палестинуудын хооронд мөргөлдөөн дэгдэж Газын зурвасын хил орчимд хоёр палестин жаал Израилийн цэргийн суманд өртөн амиа алдсан юм. 

No comments:

Post a Comment