Wednesday, October 7, 2015



Парламент А.Ципрасын Засгийн газарт итгэл үзүүлэв

Шинээр сонгогдоод байгаа Грекийн парламент Алексис Ципрасын Засгийн газарт итгэл хүлээлгэв. 300 депутатын 155 нь түүнийг дэмжлээ хэмээн Reuters агентлаг уламжлав. Засгийн газарт багтсан Сириза болон “Тусгаар грекүүд” нам л Ципраст итгэл үзүүлж, бусад нь эсрэг санал өгсөн байна. Ийнхүү сайд нарын танхим ажлаа явуулах эрхтэй боллоо. Гэвч тэд хууль ёсны үйл ажиллагаа явуулахад парламентын дэмжлэг хэрэгтэй.
Грекийн Засгийн газар зээлдэгч нартайгаа байгуулсан бүх гэрээ, тохиролцоог биелүүлнэ хэмээн А.Ципрас санал хураалтын өмнө мэдэгдсэн юм. Мөн банкуудыг дахин санхүүжүүлж, Грек улсыг байнгын шинэчлэлийн замд оруулах хэрэгтэй байгааг онцолжээ. Ерөнхий сайд бага орлоготой иргэд дээр ирэх нийгмийн дарамтыг хөнгөвчлөх, Грекийн өрийн асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ хэмээн амлалаа.
Хугацаанаас өмнөх парламентын сонгуулийн дүнгээр Сириза нам ялалт байгуулж, “Тусгаар грекүүд” намтай эвсч Засгийн газраа бүрдүүлсэн байна. Есдүгээр сарын 21-нд Алексис Ципрас Ерөнхий сайдын хувиар тангараг өргөж ажилдаа албан ёсоор оржээ. Грек улс санхүү, эдийн засгийн хямралд орж, гадаад өр, төлбөрөө дийлэхээ больсон. Тус улс төлбөрийн чадваргүй болж, дампуурлын ирмэгт ирсэн ч Герман тэргүүтэй Европын холбооны улсууд тусламж үзүүлсээр байна. Европын холбоо Грект дорвитой тусалж, хямралаас гаргахгүй бол холбооноос, евро бүсээс гарна хэмээн сүрдүүлж байгаа билээ. Афин Европын холбоо, евро бүсээс гарвал Европын холбоо задрах аюулд орж магадгүй тул яах ч аргагүй Грекийг тогтоон барьсаар байгаа юм. Хугацаанаас өмнө сонгууль зарлаж дахин сонгогдсон Ерөнхий сайд Алексис Ципрас ямар бодлого явуулах нь ихээхэн сонирхол татаж байна. Тэрээр ард түмэндээ популист амлалт өгч, Европын холбооны зээлдэгчдийн өмнө хүлээсэн үүргээсээ буцах вий хэмээн зарим тоймч, ажиглагч сануулж байна. 

No comments:

Post a Comment