Saturday, October 3, 2015



Хоёр давхар автобус супермаркет руу цөмөрч оржээ

Английн зүүн хэсгийн Ковентри хотод зорчигч тээврийн хоёр давхар автобус Sainsbury супермаркетийг мөргөж цөмөрч оржээ. Үүний улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн гэмтсэн байна. Осол 18:00-д (орон нутгийн цагаар) хотын төвийн хүн ихтэй гудамжинд болсон аж. Автобус зогсоол дээр байсан хэд хэдэн автомашиныг хамж, гэрлийн шонг мөргөснийхөө дараа дэлгүүрийн барилга руу цөмөрч оржээ. Найман хүн гэмтэж бэртсэний хоёр нь эмнэлэгт нас барсан байна. Автобусны дээд давхарт явж байсан найман настай жаал, гудамжинд явж байсан 70 настай эмэгтэй ослын золиос болсон хэмээн цагдаагийн газраас мэдэгдлээ.
Онцгой албаны мэргэжилтнүүд ослын газар ажиллаж байгаа аж. Автобус барилга мөргөн цөмөрч орсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Сирид 700 гаруй босогч зэвсгээ хураалгав

Үндэсний эвлэрлийн хөтөлбөрийн хүрээнд нийслэл Дамаскаас 110 км-ийн зайд оршдог Сирийн өмнөд хэсгийн Дераа хотод сөрөг хүчний 700 гаруй дайчин зэвсгээ хураалгажээ. Босогчид пулемет, автомат буу, мэргэн буучийн винтов, байлдааны нөөц зэвсгээ Засгийн газрын хүчинд хүлээлгэж өгсөн байна.
Вашигтоны эрх баригчид аравдугаар сарын 2-нд ОХУ-д хандаж Сирийн сөрөг хүчин болон иргэний байгууллагуудыг бөмбөгдөж буйгаа зогсоох, Орост хориглогдсон “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд анхаарлаа хандуулахыг уриалсан юм. АНУ Сирийн босогчдыг шилж сонгож Иордан, Турк дахь бэлтгэлийн хуаран руу илгээдгээ есдүгээр сарын 30-нд зогсоожээ. Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг унагахын төлөө тэмцдэг Сирийн сөрөг хүчнийхэнд цэргийн бэлтгэл олгох хөтөлбөрийг АНУ тавдугаар сард эхлүүлж байв. Бэлтгэгдсэн дайчдыг “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд ашиглаж байсан билээ.
ОХУ-ын агаар-сансрын хүчний онгоцууд есдүгээр сарын 30-нд Сирийн сөрөг хүчнийхэнд цохилт өгсөн байна. Довтолгооны хэсгийн бүрэлдэхүүнд Су-24М, Су-25, Су-34 зэрэг 50 гаруй байлдааны онгоц, нисдэг тэрэг оролцжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэж буйгаар, довтолгооны эхний өдөр босогчдын 12 байгууламжид цохилт өгсөн аж. Сирийн босогчдын эсрэг агаарын довтолгоог Ерөнхийлөгч Владимир Путиний санаачилгаар, Холбооны зөвлөлийн дэмжлэгтэйгээр эхлүүлсэн байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Москвад хандаж цэргийн тусламж үзүүлэхийг хүссэн ажээ.

Сургууль дээрээ халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ

Америкийн цагдаа Туломни хотод сургууль дээрээ зэвсэгт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан өсвөр насны дөрвөн хүүхдийг баривчилжээ. Тэд сурч байсан сургуулийнхаа багш нар, сурагчид руу довтлохоор зэхэж буйгаа зарим хүүхдүүдэд ярьсан нь цагдаагийн газарт хүрсэн аж. Цагдаа нар тэдгээр хүүхдийг баривчилж гэрт нь нэгжлэг хийхэд амь насанд халдахаар зэхэж байсан багш, сурагчдын жагсаалт олдсон байна.
Хэдхэн хоногийн өмнө Орегон мужийн нэгэн сургуульд 26 настай этгээд гал нээж есөн хүний аминд хүрсэн юм. Тэрээр сургуульд дээр таван гар буу, винтовтой орж иржээ. Цагдаа нар түүнийг устгасан бөгөөд гэрээс нь 13 галт зэвсэн илрүүлсэн байна.

Испанийн эрэг орчмоос 150 цагаачийн аврав

Испанийн эргийн харуул өмнөд хэсгийн эргээс холгүй зургаан завинд явж байсан 150 орчим цагаачийг илрүүлж аварчээ. Африкийн цагаачид ямар баталгаагүй, хэзээ ч живж, осолдож магадгүй завиар явж байсан аж. Европт хөл тавихаар зорьж явсан цагаачдийг Алмерия хотын боомтод хүргээд байна. Африкийн цагаачид далай тэнгисээр дамжиж Испанид ирэх нь элбэг. Тэдний цөөнгүй нь замдаа осолдож, өлсч, осгож амиа алддаг аж. Хоёр хоногийн өмнө Испанийн нийслэл Мадрид хотод Сири дахь дайныг эсэргүүцэж, цагаач дүрвэгчдэд тусламж үзүүлэхийг шаардсан томоохон жагсаал болжээ.

No comments:

Post a Comment