Сөүлийг зэвсэгт мөргөлдөөнөөр сүрдүүлэв
Хойд Солонгосын эрх баригчид Сөүлийг хойг дээр зэвсэгт
мөргөлдөөн гаргах санаатай байна хэмээн буруутгав. “Өмнөд Солонгосын цэргийн
хүрээнийхэн том осол, мөргөлдөөнд өдөн дуудах заншлаасаа татгалзахгүй бол
урьдчилан таамаглашгүй зэвсэгт мөргөлдөөнд хүрч болзошгүй” хэмээн Пхеньяны
албан мэдэгдэлд онцолсон байна. Солонгосын хойг дахь нөхцөл байдал өнгөрсөн
наймдугаар сарынх шиг маш хурцадмал байдалд орж магадгүй хэмээн Хойд Солонгос
сүрдүүлж байна. Зөрчил иймэрхүү байдлаар өрнөж хурцадвал өмнөд хөрш бурууг нь
хүлээнэ хэмээн Пхеньян үзэж байгаа аж.
Аравдугаар сарын 24-нд Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн
хөлөг Хойд Солонгосын эргүүлийн завь руу буудсан нь хойдууд ийнхүү эрс ширүүн
мэдэгдэл хийхэд хүргэжээ. Ким Чен Ирийн дэглэм үүнийг “Цэрэг дайны ноцтой өдөөн
хатгалга” хэмээн нэрлэсэн байна. Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэг Хойд
Солонгосын эргүүлийн хурдан завь руу сануулах гал нээсэн юм. Сөүлийн баталж
буйгаар, хойд хөршийн эргүүл Шар тэнгис дахь Өмнөд Солонгосын усан хилийг
зөрчсөн аж. Харин Хойд Солонгос “Манай завь өөрийн мэдлийн талбайд байнгын
эргүүл, хяналтын үүргээ гүйцэтгэж байсан” хэмээн баталж байна.
Хоёр Солонгос 1950-53 оны зэвсэгт мөргөлдөөнөөс хойш
дайны байдалд байсаар байгаа юм. Тэр үед эвлэрлийн гэрээ байгуулснаар дайн
зогсож байв. Пхеньян энхийн гэрээ байгуулахын тулд 2010 оноос АНУ-тай гэрээ
хэлэлцээ хийхийг оролдсоор иржээ. 2013 оны гуравдугаар сард Хойд Солонгос цус
нэгт өмнөд ахан дүүсээ довтлохгүй байх гэрээгээ цуцалсан байна. Мөн дайныг
зогсоосон эвлэрлийн гэрээнээс дангаараа гарна хэмээн мэдэгджээ. Хойд Солонгос
өмнөд хөрш рүүгээ довтлох аюул их хэвээр байгааг улстөрч, тоймчид сануулсаар
байна.
АНУ-ын Батлан хамлаахын сайд Эштон Картер хэд хоногийн
өмнө энэ талаар тодорхой мэдэгдэл хийж байсан юм. “Хойд Солонгос ямар нэг
шалтаг гарвал Өмнөд Солонгосыг довтолж ялалт байгуулна гэж бодож байх шиг
байна. Тэд буруу бодож байна, тэдэнд ямар ч боломж байхгүй” хэмээн Картер
мэдэгджээ. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт байрлан үүрэг гүйцэтгэж байгаа
америк цэргүүдтэй онлайн ярилцлага хийхдээ, Солонгосын хойг бол хэзээ ч дайн
дэгдэж магадгүй дэлхийн цорын ганц газар хэмээн онцолсон байна. Америкийн
цэргийн командлал Хойд Солонгос довтолсон тохиолдолд Өмнөд Солонгосыг хамгаалах
төлөвлөгөөг дахин шалгаж нягталсан ажээ.
No comments:
Post a Comment