АНУ-ын цэрэг Афганистаныг орхихгүй
АНУ-ын цэрэг 2016 оны дараа ч Афганистанд үлдэнэ хэмээн
Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ. “Афган дахь байлдааны үүрэг даалгавар
дууссан. Гэвч Афганистан улс болон ард түмнийх нь өмнө хүлээсэн үүрэг
хариуцлага хэвээр үлдэж байна. Америк цэргүүд Афганистанд үлдэнэ, гэхдээ үүрэг
нь өөр байх болно” хэмээн Америкийн лидер Цагаан ордонд үг хэлэхдээ онцолсон
юм.
2016 оны эцэс гэхэд Афганистанд 9800 орчим америк цэрэг
үлдэж, 2017 онд тэдний тоо 5000 хүртэл багасах аж. CNN телевиз мэдээлж буйгаар,
АНУ-ын эрх баригчид Афганы Ерөнхийлөгч Ашраф Гани, Ерөнхий сайд Абдулла Абдулла
нартай зөвлөлдсөний дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Б.Обама мөн Афганистан
дахь Америкийн цэргийн командлагчтай нухацтай ярилцсан аж. 2017 онд ч цэргээ
үлдээх шийдвэр нь Афганы өмнөх лидер Ахмед Карзайгаас илүү итгэл хүлээлгэдэг
Ерөнхийлөгч Ашраф Ганигийн эрх мэдлийг бэхжүүлэх Вашингтоны хүсэлтэй холбоотой
хэмээн үзэж байна.
АНУ амаргүй цаг үед энэ шийдвэрийг гаргаад байна.
Аравдугаар сарын эхээр Америкийн нисэх хүчин олон улсын хүмүүнлэгийн “Хил хязгааргүй
эмч нар” байгууллагын эмнэлгийг бөмбөгдөж 22 хүний аминд хүрсэн юм. Америкийн
цэргийнхэн үүнийг харамсалтай алдаа хэмээн хүлээн зөвшөөрч, амь үрэгдсэн
хүмүүсийн ар гэрт нөхөн төлбөр олгож, эмнэлгийн байрыг засварлах мөнгийг
гаргахаар болжээ. Цагаан ордны тэргүүн Афганистаны Засгийн газраас уучлал
гуйсан юм. АНУ, НАТО Афганы талтай хамтран дээрх хэрэг явдлыг мөрдөн шалгаж
байна.
АНУ болон НАТО-гийн холбоотон орнууд 2001 оноос хойш
Афганистанд байрлаж байгаа цэргийнхээ гол хүчийг эргүүлэн татжээ. Өнөөдөр
америк цэргүүд Кабул болон бусад хотын ойролцоох баазад байрлаж байна.
Талибуудын эсрэг тэмцэл явуулах хэрэгтэй болоод байгаа афган цэрэг, цагдааг
сургах нь тэдний зорилго ажээ. “Талибан” хөдөлгөөний дайчид стратегийн чухал
хот Кундузыг эзэлсний дараа АНУ-ын засаг захиргаа Афганистанд цэргээ үлдээх
шийдвэр гаргасан юм. Кундуз хотыг чөлөөлөх ажиллагаанд Америкийн цэргийнхэн
нэгдсэний дараа л талибуудыг ухрааж чаджээ. “Афганы цэрэг, арми аюулгүй байдлын
асуудлаа дангаараа шийдвэрлэж чадахгүй гэдгийг Кундузын хэрэг явдал харууллаа”
хэмээн Орчин үеийн Афганистаныг судлах
төвийн тэргүүн Омар Нессар ярилаа.
Америкийн цэргийнхэн Афганы армийг сургахад хэдэн зуун
сая доллар зарцуулж 7000 цэрэг, офицерийг бэлтгэн гаргасан ч тэдний байлдах ур
чадвар Ерөнхийлөгч Мохамед Нажибуллагийн дэглэмийн үеийн армийн байлдааны ур
чадвартай харьцуулахад ихээхэн сул дорой байна.
Афганистан дахь нөхцөл байдал АНУ болон НАТО-гийн
орнуудад маш чухал хэвээр байгаа юм. Олон улсын терроризмын эсрэг тэмцэл болон
Сири дахь нөхцөл байдлыг зохицуулахад Афганистан нь ихээхэн чухал үүрэг
гүйцэтгэх ёстой. Хэдхэн хоногийн өмнө НАТО-гийн гишүүн орнуудын сайд нар Брюссельд
уулзахдаа зөвхөн НАТО-гийн Афганистан дахь үүрэг хариуцлагын талаар ярилцжээ. Уулзалтын дараа НАТО-гийн Ерөнхий
нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Шаардлагатай тохиолдолд НАТО-гийн
холбоотнууд Афганистанд үлдэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдсэн байна. Афганистанд
бусад орны (АНУ-аас гадна) зургаан мянга орчим цэрэг байрлаж байгаа нь цэргийн ихээхэн хүчийг
бүрдүүлж байгаа юм.
No comments:
Post a Comment