Качиньскийн нам сонгуульд ялжээ
Польшийн парламентын сонгуульд экс Ерөнхий сайд Ярослав
Качиньскийн консерватив нам ялалт байгуулжээ. Түүний “Эрх, шударга ёс” нам 39.1
хувийн санал авснаар Засгийн газраа дангаараа бүрдүүлэхээр болов. Эрх баригч
либерал нам 23.4 хувийн санал авчээ. Рок дуучин Павел Кукизийн Kukiz'15 нам
есөн хувийн санал авч эхний гуравт орсон байна. Я.Качиньскийн нам парламентын
доод танхимийн 460 суудлын 242-ыг нь эзлэхээр болж байна. Сонгогчдын ирц 51.6
хувьтай байсан нь 2011 оны сонгуулийн ирцийг давжээ.
Иракийн арми “Исламын улс”-т цохилт өгчээ
Иракийн армийн нисэх хүчин хойд хэсгийн Эр-Рамади хот
дахь “Исламын улс” бүлгийн байрлалд
цохилт өгч 16 босогчийг устгажээ. Энэ тухай Анбар дахь цэргийн командлалаас
мэдэгдсэн байна. “Иракийн армийн онгоцууд лалын босогчдод оновчтой цохилт өгч
16 хэт даврагч болон багагүй хэмжээний зэр зэвсгийг нь устгалаа” хэмээн армийн
мэдэгдэлд онцолжээ. “Исламын улс”-ын хуягт тээвэрлэгчид болон Эр-Рамади хотын
ойролцоох пуужин харвах төхөөрөмжийг устгасан байна. Оросын нисэх хүчин Сирид
тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш мянга орчим довтолгоо хийж,
террористуудын 800 гаруй байгууламжийг устгасан хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах
яамны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдлээ.
Цагаачид өрөвдүүлэхийн тулд хүүхдийг ашиглаж байна
Чехийн Ерөнхийлөгч Милош Земан цагаач, дүрвэгчид
өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй харагдаж, цагаачлалыг зөвтгөхийн тулд хүүхдүүдийг
ашиглаж байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр дүрвэгчдэд хандаж хийлдэг завин дээр
хүүхдүүдийг авч явахгүй байхыг уриалав. “Тэд бусад улс орон руу дүрвэхээ
зогсоож, өөрсдийн улс орны ирээдүйн төлөө тэмцэх ёстой” хэмээн Милош Земан хэллээ.
Европ руу орж ирж байгаа цагаачдын 80 хувь нь ядуу хүмүүс биш хэмээн Хорватын
Ерөнхийлөгч онцолсныг тэрээр бас давтан сануулсан байна. Европын улс орнууд тэр
олон цагаачдыг хүлээн авч, ажлын байраар хангах чадваргүй байгаа тул Европын
холбооны цагаачлалын хөтөлбөр аюулд оржээ. Зарим улс орон цагаачдыг хүлээн
авахаас татгалзсан тул дээрх хөтөлбөр хүнд байдалд ороод байна.
Узбекистанд сөнөөгч онгоц худалдахыг зөвшөөрөхгүй
Өмнөд Солонгосын тал Узбекистанд 400 сая долларын нийт
өртөгтэй сургалтын сөнөөгч онгоц худалдах гэж байгааг АНУ-ын Засгийн газар
эсэргүүцэж байна. T-50 Golden Eagle сургалтын байлдааны нисэх онгоцыг 2006 онд Korea
Aerospace Industries болон Lockheed Martin хамтран бүтээхдээ Америкийн
тэргүүлэх технологийг ашигласан юм. Узбекистан нь ОХУ-тай нягт харилцаатай тул
Америкийн технологиор бүтээсэн нисэх онгоцны нууц мэдээлэл Оросын талд шилжинэ
хэмээн америкууд болгоомжилж байгаа бололтой. Өмнөд Солонгосын эрх баригчид
T-50 загварын 12 нисэх онгоцыг худалдах сонирхолтой байгаа юм.
No comments:
Post a Comment