Tuesday, October 6, 2015



“Оросын арми хоёрхон өдөрт юу хийж чадсаныг бүгд харлаа”

Новороссийн төрийн барилгын хорооны дарга, “Славяны гварди”-ийн удирдагч Владимир Рогов “Правда”-д ярьж байна.

-Украины тэргүүлэх геополитикчид “Украин дахь нөхцөл байдлаас дэлхийн аюулгүй байдал хамаарна. Сири дахь “Исламын улс”-ыг бөмбөгдөж байгаа нь Минскийн тохиролцоог нурааж байна” хэмээн ярих боллоо. Украины эрх баригчид Сирид болж буй үйл явдлыг таагүй хүлээн авч байна. Сирийн улмаас Украины асуудал дэлхий нийтийн анхаарлын гадна үлдлээ гэж гомдоллож байна л даа..?

-Украин нь дэлхийн хүйс, төв гэдэгт тэд итгэсээр байна. Украинд өөрсдийгөө эрх баригчид хэмээн нэрлэдэг хүмүүс бүх зүйл тэднийг тойрон эргэлдэж байдаг хэмээн үздэг. Тэд үйл явдлын эргэлтийн төвд нь орчихсон нь үнэн л дээ. Обама Украинд гараа сунгалаа хэмээн тэд хөөрч байна. Сири,Украин нь геополитикийн том дайны фронтын шугам юм. Гэхдээ хоорондоо хамаагүй, огт өөр асуудал. Украины хямрал 2013 оны арваннэгдүгээр сард Майданаар эхэлсэн. Харин Сирийн дайн нь 2010 оны арванхоёрдугаар сард Тунист эхэлсэн “Арабын хавар”-аас үүдэлтэй. Тунист бослого гарч, дараа нь бусад улс руу халдварласан. Сирид 2011 оноос эхлэн жагсч, шатааж, зэвсэг хэрэглэж эхэлсэн. Мэдээллийн дайн гол үүрэг гүйцэтгэсэн л дээ. Иргэд өөрсдийн Засгийн газарт үл итгэж, дургүй болоход хэвлэл мэдээлэл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

-Сирийн дайн, Европ руу орж ирж буй цагаач, дүрвэгчид гээд... Эдгээр нь хэн нэгэнд ашигтай юу?

-АНУ-д л ашигтай. Тэд эдгээр эмх замбараагүй байдлыг ашиглан дэлхийн шинэ эмх журмыг тогтоохыг хүссэн. Гэвч Ойрхи Дорнодод шинэ Гитлерийг бий болгох оролдлого одоо маш том аюулыг дагуулаад байна. Гагцхүү “Исламын улс” бүлэг Ойрхи Дорнод төдийгүй Хуучин тивийг бүхэлд нь сандаргана хэмээн тооцоолсон. Европт орж ирээд байгаа, замдаа яваа хэдэн зуун мянган дүрвэгч Европыг балмагдууллаа. Тэд тийм олон хүн хүлээж авахад бэлэн биш байгаа нь ойлгомжтой.
“Исламын улс”, “Аль-Нусра”, “Аль-Кайда” зэрэг террорист байгууллагуудын бас нэг зорилго, чиглэл нь Орос, Хятадад цохилт өгөх, сандаргах. Орос, Хятадын холбоо нь маш нягт, үр дүнтэй ажилладгийг АНУ сайн мэдэж байгаа. Манай хоёр улс бие биенээ нөхдөг. Америкийн цэргийн аюул заналхийллийг сөрөн зогсох хүч зөвхөн Орост байна. Харин Хятадын эдийн засгийн хөгжил АНУ-ын эдийн засгийн ноёрхолд заналхийлж байна. Өнөөдөр хятадууд орчин үеийн байлдааны тээвэрлэгч хөлөг онгоц, хүчтэй пуужинтай болсон. АНУ дэлхий нийтийг далайлгаж, сүрдүүлж чадахаа больсон нь тэдний цэргийн, геополитикийн ноёрхлыг эргэлдээнд оруулж байгаа юм.

-Цэрэг, дайны асуудал дээр АНУ-ыг дэмжиж, хамтрах нь дэмий гэдгийг зарим нь ойлгож байх шиг байна...?

-Одоо ойлгохгүй гээд яах вэ. Европын холбоо болон  Япон улс төрийн элит анги Вашингтон, Лондонд барьцаалагдчихсан. Тэд бүгдээрээ Америкийн хүсэл зоригийг илэрхийлэгчид болж, гаргаж буй шийдвэр нь улс эх оронд нь эдийн засаг, улс төрийн асар их хохирол учруулж байна. Тод жишээ гэвэл, Европын холбооноос авсан хориг байна. Үүний улмаас хэн хэн нь олон тэрбумын алдагдалд орж, ажлын байр алга болж байна. Энэ нь ямар ч эрүүл саруул санаа бодолд харш юм.
Япон, Герман болон бусад улс одоо ч америкуудад эзлэгдсэн хэвээр. АНУ-ын цэргийн баазын тоо дэлхийн II дайны үеийнхээс нэмэгдэж, улс төрийн элитүүдэд ирэх дарамт ихэссэн.

-В.Путиний НҮБ-д хэлсэн үгний талаар ямар бодолтой байна вэ?


-Бүрэн эрхт улсуудын дотоод хэрэгт оролцож эмх замбараагүй байдал үүсгэж буй талаар Путин ярьсан. Тэр “Исламын улс” зэрэг бүлэглэлийн талаар ярьж байгаа мэт байсан ч “Исламын улс” гэж нэг ч үг унагаагүй. Украины хувьсгалын дараах хоосон орон зайд юу болж байна, яг тийм зүйл л Сирид болж байна. “Исламын улс” гээч террорист бүлгийг өрнөдийн ертөнц тэр чигээрээ муулж, түүний эсрэг хөдөлж байгаа биз дээ. Харин Оросын үйлдэл, үр дүн шууд л харагдсан. Америк тэргүүтэй цэргийн эвсэл жил гаруйн хугацаанд “Исламын улс”-ын эсрэг 4-7 мянган нислэг, довтолгоо хийсэн. Юу ч устгаж чадсангүй. Харин ОХУ хоёрхон өдрийн дотор юу хийж, юуг устгасныг бүгд харлаа. Энэ нь нөгөө талаар Оросын цэрэг Донбасст байгаагүй гэдгийг баталж байгаа юм. Тэд Донбасст байсан бол юу хийж чадах байсныг харсан биз. Оросууд хэрхэн байлдаж чаддагийг бүгд харлаа.

No comments:

Post a Comment