Tuesday, October 27, 2015



Ван Жианлин дахин тэргүүн баянаар тодорлоо

“Мөнгөтэй байна гэдэг сайн хэрэг”. Forbes сэтгүүл Ван Жианлинийг Хятадын хамгийн баян хүнээр дахин тодруулсны дараа тэрээр ийнхүү дуугарчээ. Хэдийгээр өнгөрсөн наймдугаар сард Хятадын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт унаж түүний халааснаас 3.6 тэрбум доллар хийсч одсон ч тэрээр Хятадын баячуудыг дахин тэргүүлэх боллоо. Жианлиний 25 тэрбум долларын хөрөнгө дотор Испани дахь гоёмсог барилга, “Атлетико Мадрид” клубын 20 хувь бий. Тэрээр хөрөнгөө нэг жилийн дотор 17 тэрбум доллараар нэмэгдүүлэх чадвартай.
Хятадын Ардын чөлөөлөх армийн ахмадын хүү Ван Жианлин өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн аварга том компани, мөн зугаа цэнгээн, чөлөөт цагийн бизнесээр дагнасан Wanda Group-ийг удирдаж байна. 1980-аад онд армийн эгнээг орхиж энэхүү группээ байгуулсан ажээ. Хэдхэн хоногийн өмнө Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад 61 настай хятад эр 15-д бичигдсэн юм. Жагсаалтыг Zara хувцасны дэлгүүрээрээ алдартай Испанийн Амансио Ортега тэргүүлсэн байна. Ван энэ онд хоёр салбар компанийнхаа хувьцааг зах зээлд гаргаснаар хөрөнгө чинээ нь үлэмж нэмэгджээ. Азийн аварга улсад эдийн засгийн өсөлт удааширч байгаа ч түүний ашиг ихээхэн өссөн аж. “Мөнгөтэй байх нь сайн хэрэг” гэж хэлсэн Ван Жианлин дэлхийн баян, чинээлэг хүмүүст хандаж зоригтой ил гарч, мөнгө хийж дараа нь тэр баялгаа шударга, тэгш хэлбэрээр хуваарилахыг уриалжээ. Мөнгө ихтэй хүмүүс нийгэмд хөрөнгө оруулж байх ёстой хэмээн тэрээр үзэж байна.
Ван Жианлиний амжилтыг Хятадын улс төрийн өндөр түвшний холбоо сүлбээтэй хамаатуулж үзэх нь бий. Гэвч тэрээр үүнийг үгүйсгэж, Хятадын асар том зах зээл, миний өөрийн бүтээх, хийх чадвар л энэ мөнгийг бий болгосон гэжээ. “Чи мөнгө олж байгаа л бол ямар ч эргэлзээгүйгээр чадвартай байна гэсэн үг. Баяжиж мөнгөтэй болсон хүмүүсийн ихэнх нь ердийн аргаар буюу нөр их хөдөлмөрлөж мөнгөтэй болсон байдаг. Мөнгөтэй, маш их мөнгөтэй болсон хүмүүсийн дийлэнх олонх нь сайн хүмүүс байдаг” хэмээн Ван Жианлин онцоллоо. Ван гадаадад ихээхэн танигдсан нэгэн бөгөөд сүүлийн үед спортын салбарт хөрөнгө оруулалт хийж сонин хэвлэлийн баатар болж байна. Хятад баян саяхан Швейцарийн Infront хэмээх спортын техник хэрэгслийн үйлдвэрийг худалдаж авчээ. Ван Жианлиний групп Хятад даяар 200 гаруй худалдааны төв, тансаг зочид буудал эзэмшдэг. 2013 онд Wanda Group АНУ-ын AMC Entertainment кино театрын сүлжээг Хятадад байгуулж 2.6 тэрбум долларын орлого олжээ.

Alibaba онлайн дэлгүүрийн эзэн Жек Ма Хятадын тэргүүн баяны байр сууриа алдаж, 21.8 тэрбум долларын хөрөнгөөр хоёрдугаарт оров. Түүний компани Нью-Йорк хотын хөрөнгийн бирж дээр ихээхэн алдагдал хүлээсэн аж. Forbes сэтгүүл мэдээлж буйгаар, Хятадын хамгийн баян 100 хүн нийтдээ 450 тэрбум долларын хөрөнгө эзэмшиж байгаа нь нэг жилийн өмнөхөөс 20 хувиар илүү үзүүлэлт юм. Тэдний олонх нь технологийн салбар дахь бизнесээс ихээхэн ашиг олжээ. “Хятадын эдийн засаг бүтцийн өөрчлөлтийн үеийг туулж байна. Ихээхэн хөрөнгө мөнгөтэй хүмүүс энэхүү шилжилтийн үед бизнесийн шинэ боломжийг олж харах чадвартай байдаг” хэмээн сэтгүүлийн эрхлэгч Рассел Фланнери ярилаа.

No comments:

Post a Comment