Saturday, March 30, 2013






Эрхүү мужид бааранд гранат дэлбэлжээ

Эрхүү мужийн Новая Игирма тосгонд гранат дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархаджээ. Тосгоны “Каламбур”хэмээх бааранд эл явдал болжээ. Хэсэг залуус хоорондоо маргалдсаны дараа нэг нь гранат гаргаж дэлбэлсэн байна. Гранат дэлбэлсэн залуу нас баржээ. Нэг хүн газар дээрээ, бас нэг хүн эмнэлэг хүрэх замд амиа алдлаа. Бааранд дэлбэрэлт болох үеэр 15 хүн байсан бөгөөд шархадсан хүмүүсийн тоо аравт хүрч болзошгүй байна.

Домогт “Бумбараш” өөд болов

ОХУ-ын Ардын жүжигчин Валерий Золотухин гуравдугаар сарын 30-нд 72 насандаа хүнд өвчний улмаас өөд боллоо. Таганкийн театрын загалмайлсан эцэг, Высоцкийн анз найз, домогт “Бумбараш”, зөвлөлтийн үеийн кинонуудын цагдаагийн ажилтан Сережкиний дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон В.Золотухиныг төрөлх Быстрый Исток тосгонд нь нутаглуулахаар болжээ. Нэрт жүжигчин Золотухин Оросын Алтай нутгаас гаралтай бөгөөд бүхий л амьдралынхаа туршид төрөлх нутагтайгаа холбоотой байж, тосгондоо сүм босгож байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэрт жүжигчний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэхдээ “Тэр ард түмний жинхэнэ цул алт байлаа. Түүний гайхамшигтай авъяас, өгөөмөр сэтгэл, уран бүтээлч сэтгэл тэр л хэвээрээ бидний сэтгэлд үлдэх болно” гэжээ.

Н.Мадуро Венесуэлийн сөрөг хүчнийг “Гитлерийн өв залгамжлагчид” гэжээ

Венесуэлийн төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро сөрөг хүчний төлөөлөгчдийг “Гитлерийн өв залгамжлагчид” гэж нэрлэлээ. “Тэд Гитлерийн Германы еврей хүмүүсийн эсрэг явуулж байсан ажиллагааг санагдуулж байна. Гитлерийг залгамжлагчид Кубын ард түмний эсрэг кампанит ажил өрнүүлж байна” хэмээн Н.Мадуро Баринас мужид мэдэгджээ.
Кубын 30 мянган эмч, сувилагч Венесуэльд ажиллаж, тус улсын ядуу ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм. Каракас хариуд нь Кубад өдөрт 100 мянган баррель нефть нийлүүлж байгаа билээ. Сөрөг хүчнийхэн “Эрх баригчид эргэлзээтэй үйлчилгээний хариуд нефтиэ бэлэглэж байна” хэмээн үзэж байгаа аж. Дөрөвдүгээр сарын 14-нд болох Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас Николас Мадуро, сөрөг хүчнээс Энрике Каприлес нар өрсөлдөж байгаа юм. Э.Каприлесийн ээж нь Холокостоос зугтан Польш нутгаа орхисон еврей хүн ажээ.




Хоёр Солонгос дайтвал хэн нь ялах вэ?

-Ким Чен Уны нэг сая цэрэгтэй коммунист дэглэм АНУ-аар дэмжүүлсэн Өмнөд Солонгосын орчин үеийн армийг заналхийлж байна-

Хоёр Солонгосын хооронд дайн болвол хэн нь ялах вэ? Зургаан аравны өмнө Хятад улс коммунист Хойдод, АНУ капиталист Өмнөдөд тусалснаар дайн тэнцээгээр дууссан билээ. Солонгосын дайн гурван жил үргэлжилж, таван сая хүн амь насаа алдаж, Солонгосын хойг мөргөлдөөний өмнө байсан шигээ 38-р өргөргөөр хуваагдан үлдсэн юм. Хүйтэн дайны сүүлчийн хил хязгаар нь дөрвөн км өргөн, 240 км урт зурвасаар хоёр улсыг тусгаарлаж байдаг. Хэдийгээр энэхүү “Хэний ч бус газар”-ыг Цэрэггүй бүс хэмээн нэрлэдэг ч цэрэг, зэр зэвсэг, газарт булсан мина хамгийн их цугларсан дэлхийн бүс нутаг болоод байна. Хилийн ойролцоох миныг цэвэрлэхэд 300 жил шаардагдана хэмээн мэргэжилтнүүд үздэг ажээ.
38-р өргөргийн хойд талд дэлхийн хамгийн анхны коммунист үе залгамжилсан улсыг үүсгэн байгуулсан Кимүүдийн өршөөлгүй дэглэмээр удирдуулсан дэлхийн хамгийн ганцаардсан, “алслагдсан” улс бий. Хойд Солонгос хаалттай байдлаараа ах дүү Кастрогийн Куба улсыг ч хол хаяжээ. Өмнөд хэсэгт нь Азийн хамгийн үйлдвэржсэн, хөгжин цэцэглэсэн улсуудын нэг болох Өмнөд Солонгос байдаг билээ. 50 саяаар тоологдох өмнөд солонгосууд өндөр хурдны интернэт, бүх төрлийн дижитал төхөөрөмжүүд ашиглан цэнгэдэг бол, 23 сая хойд солонгосууд картын бараагаар дөнгөн данган хооллож, өдрийн хэдхэн цагт нь хязгаарлалттайгаар цахилгаан хэрэглэж байна. Хиймэл дагуулаас Солонгосын хойгийн шөнийн зургийг авахад нэг тал нь гэрэл, нөгөө нь тас харанхуй гэсэн хамгийн “тод” өнгө ялгарал харагдаж байжээ.
Пхеньяны сталинист дэглэм зүдэрсэн ард түмнээ бүрэн хооллож чаддаггүй ч цэргийнхнийг илүүд үздэг “сонгүн” бодлогодоо хөтлөгдөж нэг сая илүү цэрэгтэй армидаа хамгийн их хөрөнгө мөнгийг зарцуулдаг. Хэдийгээр Хойд Солонгос гурван ч удаа цөмийн бөмбөг туршиж, Аляска, АНУ-ын эрэгт хүрэх чадвартай пуужинтай болсон хэмээн баталж байгаа ч шинжээчид тэдний пуужингийн чадварт эргэлздэг аж. Хойдуудын пуужин цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж чадах эсэхэд ажиглагчид ихэд эргэлздэг аж.
Гэвч Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот хилээс 50-хан км-ийн зайд байдаг, нэг сая цэрэгтэй, дөрвөн сая бэлтгэл цэрэгтэй Хойд Солонгосын армид гурван мянган км-ийн тусгалтай, Японд ч хүрч чадах богино болон дунд тусгалын хэдэн зуун пуужин бий. Үүнээс гадна, хими, биологийн зэвсэгтэй байж тун магадгүй. Цөмийн зургаан бөмбөг үйлдвэрлэхэд хүрэлцэх долоон кг плутонитой ажээ. Пхеньяны агаарын хүчин 820 байлдааны онгоцтой. Харин Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны тооцоогоор, 460 байлдааны онгоцтой аж. Гэвч хойдууд нефтиэр хомс тул тэдгээр онгоцуудаа хөөргөх түлшээр дутагдаж байдаг бололтой.
Хойд Солонгос 4200, Өмнөд Солонгос 2400 танктай. Гэвч өмнөдүүдийн танкууд нь хамгийн сүүлийн үеийн, сайтар тоноглогдсон. Мөн Пхеньяны мэдэлд агаараас эсэргүүцэх 12 мянган артиллерийн гал, хамгаалалтын 10 мянган пуужин байдаг бөгөөд тэдгээрийн ихэнхийг хил орчимд татан төвлөрүүлээд байна. Өмнөд Солонгос өөрсдийгөө хамгаалахын тулд агаараас эсэргүүцэх 330 их буу, мянга орчим пуужингаа бэлэн байдалд оруулжээ. Сөүлийн арми 700 мянган цэрэгтэй, 4.5 сая бэлтгэл цэрэгтэй. Үүн дээр Солонгосын дайн дууссанаас хойш хил орчимд байрласаар байгаа АНУ-ын 28 мянган тэнгисийн цэрэг, Япон дахь баазуудад үүрэг гүйцэтгэж буй 15 мянган америк цэрэг нэмэгдэх юм.

Wednesday, March 27, 2013








Шар хэвлэлд мэдээлэл дамжуулсан цагдаа нарыг шийтгэлээ

Их Британид цагдаагийн хоёр ажилтныг “The Sun сонинд мэдээлэл дамжуулж шан харамж авсных нь төлөө хорих ялаар шийтгэлээ. 40 настай Алан Тирни “Челси”-гийн хөлбөмбөгч Жон Терригийн ээжийг баривчилсан болон Rolling Stones хамтлагийн гитарчин найз бүсгүйгээ зодож баривчлагдсан тухай мэдээллийг сонинд дамжуулаад 1250 паунд авсан хэргээр 10 сар хоригдох ял сонслоо. 31 настай цагдаа Ричард Транкфилд мөн “The Sun” сонинд 1993 онд алуулсан хоёр хөвгүүний талаарх мэдээллийг дамжуулаад 3500 паунд шан харамж болгон авчээ. Тэрээр 16 сар эрх чөлөөгөө хасуулахаар болов. Бас нэг цагдаа ийм хэргээр хоёр жилийн ял сонсчээ. Тэд бүгд хэргээ хүлээсэн байна.

Колорадогийн алуурчин хэргээ хүлээхэд бэлэн

2012 оны зун Колорадогийн кино театрт балмад аллага үйлдсэн Жеймс Холмс мөрдөн байцаалтад тусалж хэргээ хүлээхэд бэлэн байна хэмээн өмгөөлөгч нь мэдэгдэв. Прокурор энэ хүсэлтийг нь хүлээн авбал Холмс цаазын ял авахаас зайлсхийх боломжтой болох юм. Прокурор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй зөвлөлдсөний дараа хэрэгтний хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авах эсэхээ шийдэх юм. Хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд Холмсийн шүүх хурал хэдхэн хоног үргэлжилж, тэрээр хугацаанаас өмнө суллагдах эрхгүйгээр насаараа хоригдох ялаар шийтгүүлнэ.
24 настай Жеймс Холмс 2012 оны долдугаар сарын 20-нд “Бэтмен” киноны нээлтийн үеэр Денвер хотын кинотеатрт нэвтрэн орж гранат шидэж, нулимс асгаруулагч хий цацсаныхаа дараа гал нээн 12 хүний аминд хүрч, 58 хүнийг шархдуулсан юм. Үүний дараа Холмс цагдаа нарт сайн дураараа бууж өгчээ.

Туркт Сирийн дүрвэгсэд эсэргүүцлийн жагсаал хийжээ

Туркийн зүүн хэсэг дахь сири дүрвэгсдийн хуаранд гал гарч нэг хүүхэд нас барсны дараа хоёр мянга орчим дүрвэгч хуарангийн захиргааны байрны өмнө эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тэд хуарангийн амьдралын нөхцөл хүнд байна хэмээн тайван жагсаал хийж байсан ч Туркийн цагдаа нулимс асгаруулагч хий ашиглан жагсаалыг хүчээр тараасан аж. Үүний улмаас уурлаж хилэгнэсэн сири дүрвэгсэд чулуу, модоор зэвсэглэж, хуарангийн хашааг эвдэн хязгаарыг нь давжээ. Туркийн цагдаа усан буу хэрэглэн 70 орчим хүнийг баривчлан саатуулаад байна. Тэднийг эх орон руу нь буцаах бололтой. Одоогоор Туркийн газар нутаг дээр Сирийн 200 мянган дүрвэгч амьдарч байна.

Хамгийн том авиа компани байгуулагдахыг дэмжлээ

Нью-Йоркийн шүүх American Airlines болон US Airlines ави компанийг нэгтгэх гэрээг дэмжлээ. Хоёр компани 2013 оны хоёрдугаар сарын 14-нд нэгдэх гэрээ байгуулж, удирдлагууд нь дэмжсэнээр дэлхийн хамгийн том авиа компани байгуулагдах нөхцөл бүрдсэн юм. American Airlines дампуурлын байдалд байсан тул шүүхийн зөвшөөрөл шаардлагатай болсон юм. Шинэ авиа компани нь American Airlines гэдэг нэрийг авч үлдэх бөгөөд төв байр нь Техас мужийн Форт-Уортод байрлахаар болов. Авиа компанийн мэдэлд 950 нисэх онгоц байгаа ба өдөрт 6700 нислэг хийх ажээ.

Марк Цукерберг улс төрийн хөдөлгөөн байгуулна

Facebook нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг улс төрийн хөдөлгөөн байгуулах бодолтой байгаагаа зарлалаа. Тус хөдөлгөөн нь судалгаа шинжилгээ, боловсролын асуудлыг хөндөх бөгөөд юуны түрүүнд Америкийн иргэншилтэй болох асуудлыг хөнгөвчлөх цагаачлалын шинэчлэл дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэх аж. М.Цукерберг энэ зорилгодоо 50 сая доллар цуглуулахаар төлөвлөжээ. Түүний улс төрийн хөдөлгөөнд LinkedIn Corp интернэт компанийг үндэслэгч Рейд Хоффман, Жо Грин болон улс төрийн шинжээчид нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Виндзорын шилтгээнийг түлээгээр халаахыг зарлигдав

Их Британийн хатан хаан II Элизабет хэмнэлт гаргахын тулд хотын захын өргөө-Виндзорын шилгээнийг түлээгээр халаах зарлиг гаргалаа. Эдүгээ шилтгээнийг мазутаар халаадаг аж. “Виндзорын шилтгээнийг цаашдаа хатан хааны эдэлбэр газраас түүсэн гишүү, мөчрөөр халаах болно” хэмээн “ВВС” мэдээлэв. Хатан хаан мазут худалдаж авахаас бүрэн татгалзаж байгаа аж. Харин тэрээр түлээнд мөнгө төлөхгүй. Хатан хааны ойгоос хуурай түлээ, мөчир түүх үүргийг ой хамгаалагчид хүлээж байгаа юм.
Хотын захад орших Виндзорын шилтгээнд Британийн хатан хаан хавар, намрыг өнгөрүүлдэг. Шилтгээн 3.1 га ой модоор хүрээлэгдсэн байдаг ажээ.




Амиа хорлохоос сэргийлэхийн тулд сэтгэл зүйчдээс тусламж хүсч байна

Европын  холбооны хамгийн ядуу Болгар улсын эрх баригчид эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэж чадахгүй байгаагийн хажуугаар бас нэг асуудал босч ирсэн нь амиа хорлох үзэгдэл газар буй явдал ажээ. Зөвхөн нэг сарын дотор хомс тарчиг байдал, амьдралын муу нөхцөлд цөхөрсөн зургаан иргэн “зулын гол” болоод байна. Өөрсдийгөө шатаах нь тус улсад эрс нэмэгдсээр байгаа амиа хорлох үзэгдлийн нэг хэсэг болж байгаа аж.
2011 онд 3153 иргэн амиа хорлохоор завдаж, тэдний 796 нь хорвоог орхисон хэмээн Болгарын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. 2010 онд 2799 хүн амиа егүүтгэхийг оролдож, 783 хүн амиа алдаж байв. 2012 оны дүн хараахан гараагүй байгаа ч өмнөх оны үзүүлэлтээс давсан нь тодорхой хэмээн тус яамны мэргэжилтэн Владимир Наков өгүүлэв.
Эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхтэй өрнөж байгаа хотуудад амиа хорлох үзэгдэл нэмэгдэж байгааг Сэтгэл судлалын үндэсний төвийн мэргэжилтэн Вихра Миланова ярьж байна. Болгарт тавдугаар сарын 12-нд хугацаанаас өмнөх сонгууль болно. Тэр хүртэл Засгийн газрыг тэргүүлж байгаа технократ Марин Райков амиа хорлох эмгэнэлт үзэгдлийг хазаарлахын тулд сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нараас тусламж гуйхаар шийджээ.
Эрүүл мэндийн яамнаас амиа хорлох эрсдэлтэй хүмүүсийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эрүүл мэндийн төвүүдэд даалгажээ. Гэвч шинжээчид энэ арга хэмжээнд эргэлзэнгүй хандаж байна. Учир нь Болгар дахь амиа хорлох үзэгдлийн гол шалтгаан нь ядуурал болж байгаа аж. Тус улсад дундаж цалин 350 евро, ажилгүйдэл 11 хувьтай байгаа юм. Eurostat байгууллагын мэдээлж буйгаар, Болгарын 7.3 сая иргэний 22 хувь нь 155 евро хүрэхгүй цалинтай, 49 хувь нь цалингийн доод хэмжээнээс доошоо унах эрсдэлтэй байдаг аж. Тус улсын супермаркетуудад нэг литр сүү нэг еврогийн үнэтэй байгаа нь амьдралын чанар сайтай Вена, Лондон зэрэг хоттой адил байгаа юм. Амиа хорлох үзэгдлээс сэргийлэх хамгийн сайн арга нь сарын доод цалинг 500 еврод хүргэх хэмээн сэтгэл судлаач Анета Аничкина үзэж байна. “Цалинг ийм хэмжээнд хүргэчихвэл тэр “эрсдэлтэй” хүмүүст сэтгэл судлаач хэрэггүй болно. Учир нь амиа хорлож буй хүмүүс нь сэтгэцийн өвчтэй хүмүүс биш” хэмээн тэрээр өгүүлэв. Тиймээс хэн, хэзээ амиа егүүтгэхийг тааварлах боломжгүй ажээ.
Сүүлийн нэг сард өөр дээрээ шатахуун асган шатаасан зургаан хүний хоёр нь амьд байгаа ч амь нас нь аюултай байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд Велико Тарново хотод 26 настай залуу өөрийгөө шатааснаар болгарууд “Зулын гол” болох давалгаа эхэлсэн байна. Хамгийн сүүлд, энэ  сарын 20-нд Ситово сууринд 41 настай ажилгүй нэгэн эр өөрийгөө шатаажээ.
36 настай нэг эр далайн эргийн Варна хотын захиргааны байрны өмнө “Зулын гол” болсны дараа Раднево хотын захиргааны ордны өмнө 53 настай, таван хүүхдийн эцэг мөн л өөрийгөө шатаасан байна. Нийслэл Софи хотын Ерөнхийлөгчийн ордны өмнө нэгэн мужаан бухимдлаа илэрхийлэн өөрийгөө галджээ.
“Нийгэмд хэрэгцээгүй болсноо мэдэрч, гэр бүлдээ тусалж чадахаа больсон учраас” хэмээн тэд энэ үйлдлээ зөвтгөж байна. “Энэ бол эсэргүүцлээ илэрхийлэх нэг хэлбэр, улстөрчдөд хандсан уриа дуудлага” хэмээн судлаач Харлан Димов ярилаа. Болгар иргэд амьдралаа авч явахын тулд олон жил тэмцэж, нийгэм буруу чиглэлд явж байсны гор нь өнөөдөр гарч байна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.