Saturday, January 9, 2016




Korean Air цэргийн нисгэгчгүй онгоц үйлдвэрлэнэ

Korean Air компани цэргийн нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж, Өмнөд Солонгосын Засгийн газарт нийлүүлэхээр төлөвлөж байна хэмээн “Ренхап” агентлаг дамжууллаа. 333 сая долларын гэрээг үзэглээд байгаа аж. Нисгэгчгүй онгоцыг 2016-2020 онд үйлдвэрлэхээр тооцоолж байна. Тодруулбал, 4.2 метр урт, 3.4 метр өргөн нисгэгчгүй онгоц үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Онгоцны эд ангийн 95 хувийг Өмнөд Солонгосын компаниуд үйлдвэрлэх юм байна. Хойд Солонгос цөмийн туршилт хийсний дараа Өмнөд Солонгосын тэнгэрт Америкийн байлдааны онгоц үзэгджээ. Гуам дахь Америкийн цэргийн баазаас хөөрсөн B-52 онгоц Өмнөд Солонгосын газар нутаг дээр орж ирэхэд Сөүлийн сөнөөгч онгоц дагаж нисчээ. Өмнөд Солонгос, АНУ хоёр хамтын хүч, холбоогоо харуулахын тулд ийнхүү нислэг үйлдсэн хэмээн мэдэгджээ.

Шон Пенн Мексикийн мафийн толгойлогчоос ярилцлага авчээ

Кино жүжигчин Шон Пенн Мексикийн мафийн зартай толгойлогч Эль Чапо хочит Хоакин Гусманаас Rolling Stone сэтгүүлд ярилцлага авчээ. Зартай гэмт хэрэгтний анхны ярилцлага нь энэ болж байгаа аж. Пенн Гусманыг баривчлагдахаас нь өмнө Мексик дахь нуувчинд нь очиж ярилцлага авсан байна.
Эль Чапо жүжигчний асуултад хариулахдаа “Мексик дахь хар тамхины мафийн хөгжилд миний үүрэг, оролцоо нэмэгдсэн. Мансууруулах бодисын наймаа нь Латин Америк болон бусад бүс нутгийн соёлын хэсэг болсон” гэх зэргээр ярьжээ. Хар тамхины мафийн эзэн мөн хүч хэрэглэдэг гэдгээ няцаасан байна. “Сонс доо, миний хийж буй зүйл бол зөвхөн өөрийгөө хамгаалах үйлдэл юм. Би эхэлж асуудал үүсгэж, яршиг түвэг уддаг байсан уу? Үгүй ээ, хэзээ ч тэгж байгаагүй” хэмээн өгүүлжээ. Мексик улс Вашингтоны хүсэлтээр түүнийг АНУ-д хүлээлгэн өгөх бололтой.

Playboy Хью Хефнерийн харшийг худалдана

Playboy Enterprises компани Playboy сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнерийн амьдарч буй Лос-Анжелес дахь зартай харшийг худалдаанд тавихаар зэхэж байна. 1928 онд баригдсан Playboy Mansion нь 2.5 га талбайтай. Playboy Enterprises компани энэхүү тансаг эдлэнг дор хаяж 200 сая долларын үнэ хүрнэ хэмээн үзэж байгаа аж. Харшийг худалдан авах хүнд нэг болзол тавьж байгаа нь эдүгээ 89 настай Хью Хефнерийг өөд болтол нь тэнд амьдруулах.
Эрэгтэйчүүдэд зориулсан Playboy сэтгүүл АНУ-д 1953 оноос хойш хэвлэгдэж байна. Тус сэтгүүлийн нүүрэнд Мэрилин Монро, Синди Кроуфорд, Памела Андерсон нарын хөрөг заларч байв. Анхны дугаар нь 51 мянган хувиар хэвлэгдэж байжээ. Өнөөдөр тус сэтгүүл дэлхийн олон оронд янз бүрийн хэл дээр хэвлэгдэж байна.

Харрисон Форд орлогоороо тэргүүлжээ

Box Office Mojo сайтын статистик мэдээллээр, Харрисон Форд хамгийн их орлого олсон жүжигчнээр тодорчээ. Амжилттай үргэлжилсээр байгаа “Оддын дайн” киноны шинэ цувралын ачаар Фордын киноноос олсон нийт орлого 4.7 тэрбум доллар болж өсчээ. Ийнхүү тэрээр энэ ангиллын өмнөх лидер Самуэль Жексоныг давж гараад байна. Том Хэнкс, Морган Фриман, Эдди Мерфи болон Холливудын бусад од дээгүүр бичигджээ. Эхний 20-д ганцхан эмэгтэй жүжигчин байгаа нь Камерон Диаз (Нийт орлого нь 3.03 тэрбум доллар) юм.

No comments:

Post a Comment