Tuesday, January 12, 2016



Руперт Мердок, Жерри Холл нар хуримлана

Хэвлэлийн магнат Руперт Мердок, жүжигчин Жерри Холл нар мөдхөн хуримаа хийх гэж буйгаа зарлалаа. Тэдний сүйн мэдээ Мердокийн News Corporation-ий мэдэлд байдаг Times сонин дээр гарчээ. Энэ нь 84 настай бизнесмэний дөрөв дэх, 59 настай бүсгүйн анхны гэрлэлт юм. Жерри Холл Rolling Stones хамтлагийн дуучин Мик Жаггертай олон жил хамт амьдарч байсан юм. Америкийн иргэн болсон Австралийн уугуул Мердок 2013 онд гурав дахь эхнэр, хятад гаралтай америк бизнесмэн Вэнди Денгээс салсан. Вэнди нөхрөөсөө 38 насаар дүү байжээ.

Н.Поклонская генералын дүрэмт хувцастай анх удаа олны өмнө

Крымийн прокурор Наталья Поклонская өчигдөр анх удаа генералын мөрдэстэй ёслолын цагаан дүрэмт хувцастай олон нийтийн өмнө гарч ирлээ. Тэрээр прокурорын газрын бусад ажилтны хамтаар прокурорын ажилтны баярт оролцжээ. “Би анх удаа генералын цагаан дүрэмт хувцсаа өмслөө. Мэдээж, цэнхэр өнгөтэй бас байгаа. Цагаан бол том хариуцлага юм. Би ийм дүрэмт хувцас өмсч буйгаараа бахархаж байна” хэмээн Поклонская ярилаа. 2014 оны гуравдугаар сард ОХУ Крымийн хойгийг өөртөө нэгтгэсний дараа 34 настай Поклонская ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар Крымийн прокуророор томилогджээ.
Поклонскаягийн Японд хийлгэсэн хэвлэлийн хурал түүнийг дэлхий нийтэд алдаршуулсан юм. Хэвлэлийн хурлын бичлэгийг Youtube-д хоёр сая хүн үзэж, түүний дүр төрхтэй компьютер тоглоом, дуу бүтээгдсэн ажээ.

Эль Чапог танк, хуягт машинаар хамгаалж байна


Мексикийн эрх баригчид хоёр дахь орголтоос нь хойш зургаан сарын дараа дахин баривчилсан хар тамхиын мафийн толгойлогч Хоакина Эль Чапо Гусманы хамгаалалт, хяналтыг эрс чангатгажээ. Синалоа мафийн эзнийг тусгай гянданд хорьж, 24 цагийн хатуу хамгаалалтад оруулжээ. Эль Чапо өнгөрсөн зун гяндангийн шалыг ухаж нүх гарган оргосон тул одоогийн гяндангийн шалыг нь бат бөх материалаар бэхэлсэн байна. Мөн нэмэлт видео камер, хөдөлгөөн мэдрэгч суурилуулж, гяндангийн ханыг хуягт машин, танкаар хамгаалж байна. Гэмт хэрэгтнийг олон улсын стандартад нийцсэн нөхцөлд хорьж байгааг гянданд зочилсон түшмэлүүд онцолжээ. Эль Чапо өөрийн нэрийг худалдааны тэмдэгт болгон бүртгүүлэх гэж байсан аж. 

No comments:

Post a Comment