Кремлийн эзний хөрөнгө чинээг “дэлгэжээ”
Роман Абрамович Владимир Путинд 35 сая долларын үнэтэй
дарвуулт хөлөг онгоц бэлэглэсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн асар их нууц
хөрөнгийнх нь нэг болж байна хэмээн Telegraph сонинд бичжээ. Энэхүү ер бусын мэдэгдлийг Америкийн өндөр албаны түшмэл
хийж, В.Путинийг авлигад идэгдсэн, улсын хөрөнгийг үрэн таран хийж гэр бүл,
найз нөхдөө тэтгэсэн хэмээн буруутгалаа. Кремлийн эзэн өөрийнх нь эд хөрөнгөний
талаарх яриаг “Зүгээр л цуу яриа” хэмээн няцаасаар байна.
Гэвч BBC One tonight нэвтрүүлгээр удахгүй гарах Panorama баримтат
сурвалжлагад В.Путинийг бодит эд хөрөнгөө нуун далдлах бүхэл бүтэн системийг
бий болгосон хэмээн үзэж байгаа аж. Тэрээр саяхан “Олимпиа” хэмээх 57 метр урт
тансаг дарвуулт хөлөг онгоцтой болсон гэж байна. Энэ хөлгийг ноён Абрамович
зуучлагчдаар дамжуулан ОХУ-ын Ерөнхийлөгчид бэлэг болгон илгээсэн хэмээн “Совкомфлот”
Оросын төрийн мэдлийн хөлөг онгоцны компанийн тэргүүн асан Дмитрий Скарга өгүүлэв.
“Абрамович ажилтнуудаараа дамжуулан дарвуулт хөлгийг ноён Путинд өгсөн. Энэ
хөлөг нь хэдийгээр Путиний хувийн өмч болсон ч улсын хөрөнгөөр явуулж, хадгалж
байдаг” хэмээн Скарга Panorama-д ярьжээ. АНУ-ын Сангийн яаманд хориг арга
хэмжээний биелэлтийг хариуцсан түшмэл Адам Шубин, В.Путин бол авлигач, түүний
олон жилийн авлигыг АНУ анзаарч, харсаар байгаа хэмээн дээрх нэвтрүүлэгт ил тод
ярьсан байна. “Тэр найзууд, ойрын
холбоотнуудаа хэрхэн баяжуулж, үүнийг эсэргүүцдэг хүмүүсийг ялгаварлан
гадуурхаж байгааг бид харсан. Путин өөртөө үйлчилнэ гэж үзсэн хүмүүсээ улсын
том компани, төрийн гэрээ, хэлэлцээнд явуулж, итгэдэггүй хүмүүсээ шахаж
зайлуулдаг. Энэ бол авлигын нэг хэлбэр” хэмээн Шубин онцолжээ. Тэрээр Оросын
лидерийн хөрөнгө мөнгөний хэмжээний талаар яриагүй ч Путиний жил тутмын цалин,
орлогын мэдүүлэг нь үнэнд нийцэхгүй гэжээ.
Улс төрийн тоймч Станислав Белковский 2007 онд
мэдэгдэхдээ, В. Путин Оросын эрчим хүчний гурван компанид хөрөнгө оруулалт
хийж, ногдол ашиг авах замаар 40 тэрбум долларын хөрөнгөтэй болсон гэж байв.
Хөрөнгө оруулалтын сангийн менежер, ОХУ-ын эрх баригчдыг ил тодоор шүүмжлэгч
Билл Броудер 2015 онд “Оросын Ерөнхийлөгчийн хөрөнгө чинээ 200 тэрбум долларт
хүрсэн” хэмээн мэдэгдсэн юм. Энэ үнэн бол В.Путин дэлхийн хамгийн баян хүнийг ч
бараагүй хол хаях нь тодорхой.
АНУ-ын засаг захиргаа 2014 онд Путинийг эрчим хүчний
салбарт нууц хөрөнгө оруулалттай хэмээн дурдаж байсан ч оруулсан хөрөнгийн
хэмжээг нь дурдаагүй, мөн түүнийг авлигад ил тодоор буруутгаагүй юм. Хэдийгээр Кремлийн
эзний хөрөнгөний талаар ийнхүү олон яриа гарч байгаа ч нотлогдсон зүйл байхгүй.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас эдгээр яриаг “Огт үндэслэлгүй,
зохиомол зүйл” хэмээн няцааж байгаа аж. Р.Абрамовичийн өмгөөлөгч ч дарвуулт
хөлөг онгоцны тухай мэдээллийг “Улиг болсон цуу яриа” хэмээн мэдэгджээ.
Зургийн тайлбар: Олимпиа дарвуулт хөлөг, Сочи
В.Путин охидтойгоо далайгаар зугаалж байна
No comments:
Post a Comment