Wednesday, January 27, 2016



Халед Али: Аль-Сиси шинэ дарангуйлагч болох зам руугаа орчихлоо

Египетийн ард иргэд хилэгнэн босч Ерөнхийлөгч Хосни Мубаракийн дэглэмийг түлхэн унагасан хувьсгалын таван жилийн ой тохиож байна. Египетийн сөрөг хүчний төлөөлөгч, өмгөөлөгч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Халед Али тэр үед Хишам Мубаракийн хүний эрхийн төвийг удирдаж байсан бөгөөд уг төвийг хувьсгалчдын төв штаб болгон хувиргаж байсан юм. Тэрээр өнөөдөр ч цалин нэмэхийг шаардаж, төрийн мэдлийн гурван том компанийг хувьчилсныг эсэргүүцэн тэмцсээр байна. EL MUNDO түүнтэй уулзжээ.

-Таван жилийн өмнөх хувьсгалаас юу санаанд орж байна вэ?

-Би тэр хувьсгалын нэг ч мөчийг мартдаггүй. Тэр бол мөрөөдөл байлаа. Хувьсгал бүтэлгүйтсэн гэж би боддоггүй. Үр дүнг нь шүүхэд хэцүү. Одоогоор бид ялагдаад байгаа ч ард иргэдийн бослого египет залууст гүнзгий өөрчлөлт оруулсан. Мөдхөн эсэргүүцлийн шинэ давалгаа гарна гэж бодож байна.

-Бүс нутагт “Исламын улс” гэж бүлэг гарч ирснээр бослого, эсэргүүцлийг нухчин дарах хэрэгтэй гэсэн үзэл Египетэд гарч ирлээ гэж байна..?

-Харгислал, нухчин даралтыг зөвтгөх юм байхгүй. Хүмүүс таван жилийн өмнө гудамжинд гарч жагсахдаа эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг шаардаж байсан. Хувьсгалчдын зорилго нь нэг дарангуйлагчийг нөгөөгөөр солих байгаагүй. Бүс нутаг дахь өөрчлөлт, мөргөлдөөнд гадны хүчин оролцвол бүр аюултай, муу гэдгийг Ирак, Сири, Йемен, Ливи харууллаа. Гэвч энэ аюулаас зайлсхийж байна гээд нэг дарангуйлагчийг тэвэрч авах нь буруу.

-Абдельфаттах Аль-Сиси Египетийг хааш нь хөтөлж байна вэ?

-Тэр өөртөө ч, улс оронд ч түвэг учруулах боллоо. Олон нийтийн асуудлыг иргэдэд өгч, нөхцөл байдлыг өөрчлөх боломж түүнд байсан. Гэвч тэгсэнгүй, шинэ дарангуйлагч болох зам руугаа орчихлоо. Владимир Путинийг шүтдэг тэрээр шууд загварыг нь хуулчихсан.

-Бүтэн мөчлөг өнгөрлөө. Аль-Сисигийн Египет Мубаракийнхаас илүү сайн байна уу?

-Мубаракийн Египетээс ч муу байдалтай байна. Аль-Сиси төрийн гадаад төрхөнд л их анхаарч байна. Хууль, эрх зүй түүнд хамаагүй бололтой. Тэр улс төрийг үзэн яддаг.

-Таван жилийн өмнө хувьсгал хийж байсан ч ядуурал одоо ч буурсангүй...?

-Хувьсгалаар төрийн толгойг унагасан ч дэглэмийн үлдсэн хэсгийг устгаж чадаагүй. Зэвсэгт хүчин Египетийг хянаж байна. Үүнийг өөрчлөхөд дахиад их золиос хэрэгтэй. Генералууд улс төрд оролцоод ирэхээр улс оронд аюул нүүрлэдэг. Тэднийг хуаран руу нь буцаах ёстой. Тэд төрд гарвал тэдэнд нөлөөлөх хүч байхгүй болж, тэд хэнийг ч сонсохоо больдог.

-“Лалын ахан дүүс” хөдөлгөөнд дахин итгэх боломжтой юу?


-Хэцүү. Эрт, орой хэзээ нэгэн цагт “Лалын ахан дүүс” болон зэвсэгт хүчин эвлэрэх байх гэж боддог. Тэд нэг зоосны хоёр тал. 

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete