Saturday, January 30, 2016




Эмэгтэй жолооч нар 130 мянган долларын нөхөн төлбөр авчээ

Саудын Арабын нэг хунтайжийг АНУ-д ирэх үеэр үйлчилсэн ч дараа нь ажлаасаа халагдсан гурван эмэгтэй жолооч шүүхийн шийдвэрээр тус бүр 130 мянган долларын нөхөн төлбөр авлаа. Хунтайж “Би зөвхөн эрэгтэй жолоочоор үйлчлүүлнэ” хэмээн шаардсан тул тэд ажилгүй болсон аж. Араб хунтайж 2010 онд АНУ-д эмчлүүлэхээр ирэхдээ 40 орчим жолооч хөлсөлж ажиллуулсан юм. Гурван эмэгтэй жолооч эхний өдөр үйлчилгээнд гараад л ажлаасаа халагджээ. Тэд хүйсээр ялгаварлан гадуурхлаа хэмээн шүүхэд гомдол гаргаж ялалт байгуулсан байна. Саудын Арабт эмэгтэй хүн жолоо барихыг хориглодог ажээ.

Хоккейн домгуудын лигт ОХУ түрүүллээ

Дэлхийн хоккейн домгуудын лигийн анхны ялагчаар ОХУ-ын шигшээ баг тодорлоо. Москвагийн “Домгуудын парк” ордонд болсон аваргын төлөө тоглолтод талбайн эзэд чехүүдийг 8:5-аар хожжээ. Оросын шигшээгээс Андрей Коваленко, Сергей Федоров (хоёр гоол), Виталий Прохоров (хоёр гоол), Валерий Каменский, Павел Буре, Роман Ильин нар гоол оруулжээ. Чехээс Ян Петерек (хоёр гоол), Рихард Жемличка, Радек Теупал нар гоолдсон байна. Тэмцээний шилдэг хаалгачаар Ари Суландер (Финланд), хамгаалагчаар Вячеслав Фетисов (Орос), довтлогчоор Матс Нэслунд (Швед) шалгарлаа.
Дэлхийн хоккейн домгуудын лиг нь 45-аас дээш насны хоккейчид оролцдог, үзүүлэн тоглолтын бус өрсөлдөх чанартай олон улсын хоккейн тэмцээн юм. Тус лиг 2015 оны наймдугаар сард байгуулагджээ. Орос, Чех, Герман, Швед, Словак, Финланд улс Дэлхийн хоккейн домгуудын лигийг бүрдүүлж байна.

Туркийн эрэг орчимд 39 дүрвэгч амиа алдлаа

Дүрвэгчдийг суулгаж явсан завь Туркийн эрэг орчимд сүйрсний улмаас дор хаяж 39 хүн амиа алдаад байна хэмээн Anadolu агентлаг мэдээллээ. Туркийн эргийн харуул 75 хүнийг аварч чаджээ. Сири, Афганистан, Бирмийн цагаачид Грекийн Лесбос аралд хүрэх санаатай явж байжээ. Завинд хэдэн хүн явж байсныг тогтоох аргагүй байгаа тул эрэл хайгуул үргэлжилсээр байна. Амиа алдсан хүмүүсийн дунд хэд хэдэн хүүхэд байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Эгийн тэнгист бас нэг хөлөг онгоц живж 40 гаруй цагаач амиа алдсан юм. Турк улс дүрвэгч, цагаачдын нөхцөл байдлыг зохицуулахын тулд Европын холбооноос таван тэрбум долларын тусламж хүсээд байна.

Фидель Кастро Зика вирусын тархалтад санаа зовниж байна

Кубын хувьсгалын лидер Фидель Кастро Зика вирусын тархалтад санаа зовниж буйгаа мэдэгдээ. Тэрээр Гавана хотод 2010-2015 онд Уругвайг удирдсан Хосе Мухика болон бусад улстөрчтэй уулзахдаа ийнхүү ярьсан аж. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Зика вирусын тархалтын талаар Бразилийн Ерөнхийлөгчтэй санал солилцжээ.
Анх Уганда улсад илэрч байсан Зика вирус нь эдүгээ Америк тивийг тэр чигээр нь (Канад, Чилиэс бусад нь) хамраад байна. Маш бага судлагдсан энэ вирус, өвчний эсрэг вакцин, эмчилгээ гараагүй байна. Зика вирус нь эхэндээ Aedes төрлийн шумуулаар халдварлаж байсан бол сүүлийн үед бэлгийн замаар, хүнээс хүнд халдварлах болжээ. Энэ өвчний хамгийн гол аюул нь микроцефали буюу хүүхэд эхийн умайд байхдаа тархи, гавал нь жижгэрч, оюуны хомсдолтой төрдөгт байгаа юм.

No comments:

Post a Comment