Saturday, January 16, 2016



Тайвань анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө сонголоо

Тайваньд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан дэвшилт намын нэр дэвшигч Цай Инвэнь ялалт байгууллаа. Ийнхүү тэрээр хятад угсаатан амьдардаг газар нутгийн анхны эмэгтэй төрийн тэргүүн болж байна. Хятад улстай харилцаагаа сайжруулахыг эрмэлздэг эрх баригч Гоминдан нам ялалгдлаа хүлээн зөвшөөрчээ. Сонгуулийн дүнгээр Ардчилсан дэвшилт нам 60 хувийн санал авсан юм. Сөрөг хүчний Ардчилсан дэвшилт намын лидер Цай Инвэнь үргэлж Хятадаас тусдаа, хараат бус байхын төлөө тэмцсээр иржээ. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Тайпей, Бээжингийн цаашдын харилцаа хурцдаж магадгүй болов. Улс төрийн нөхцөл байдлаа хадгалан үлдэхийн зэрэгцээ эх газартай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх бодлоготой Гоминдан намын Ма Инцю 2008 онд Тайванийн засаг захиргаанд гарч ирсний дараа харилцаа илт сайжирч ирсэн билээ. Ма Инцю энэ бодлогодоо хэтэрхий хол явчихсан гэж олон тайвань хүн үздэг. Эдийн засгийн харилцаа сайжирснаар улс төрийн нөлөө орж ирэх нөхцөл бүрдсэн хэмээн тэд болгоомжилдог аж.
Хятад улс Тайванийг хэзээ нэгэн цагт эх газарт эргэж нэгдэх ёстой манай тэрслүү муж хэмээн үздэг ажээ. 1949 онд Гоминдан намын Ерөнхийлөгч Чан Кайши болон түүний талынхан коммунистуудтай хийсэн дайнд ялагдсаны дараа Тайвань арал руу зугтан гарчээ. Гоминдан нам хэдийгээр Бээжинтэй харилцаагаа сайжруулахыг эрмэлздэг ч 1949 онд коммунистууд хууль бусаар эрх мэдлийг булааж авсан, Тайванийн Засгийн газар нь бүх Хятадын хууль ёсны эрх баригч гэж үзсэн хэвээр байгаа юм. Тайванийн засаг захиргааны тэргүүн дөрвөн жилээр, хоёроос илүүгүй хугацаагаар сонгогддог. 113 депутаттай парламент мөн дөрвөн жилээр сонгогддог. Тайваньд сонгуульд саналаа өгөх эрхтэй 18.8 сая иргэн байна. Тайванийн сонгуулийг Бээжингийн Засгийн газар тун анхааралтай ажигладаг. Өнгөрсөн оны намар тэр үеийн Тайванийн лидер Ма Инцю, Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин нар Сингапурт уулзжээ. Сүүлийн 60 жилд анх удаа болсон хоёр лидерийн түүхэн уулзалт билэгдлийн чанартай болсон юм.
Тайванийн сонгуулийн өмнөх кампанит ажлын гол сэдэв нь Хятадтай харилцах харилцаа болон хямралын байдалд байгаа арлын эдийн засаг байлаа. Хуульч мэргэжилтэй, дэлхийн нэртэй их сургуулиудад хичээл зааж байсан 59 настай Цай Инвэнь Хятадын талаар ямар бодлого баримтлахаа тодорхой мэдэгдсэнгүй. Тэрээр Бээжингийн “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал хоёр талын харилцаа эрс муудаж магадгүй хэмээн тоймчид үзэж байна. 2008 онд Ардчилсан дэвшилт намд авлигын асуудал дэгдсэний дараа Цай Инвэнь даргаар сонгогджээ. 2012 онд сонгуульд ялж чадсангүй. Гэвч иргэд Гоминдан намын бодлогод сэтгэл дундуур болж, эдийн засаг муудахын хэрээр түүний нэр хүнд өссөн юм.

Гоминдан нам сонгуульд ялагдсанаар Бээжинд бэрхшээл үүсгэх нь гарцаагүй болов. 1947 онд коммунистуудад ялагдан Тайвань арал руу гарсан тус намынхан үргэлж улс орныг нэгтгэхийн төлөө явж ирсэн ч зөвхөн өөрсдийн нөхцлөөр нэгтгэнэ гэсэн бодолтой байдаг аж. Гэвч сүүлийн үед Гоминдан нам хүчтэй өөрчлөгдөж, арлыг эх газартай тайван замаар нэгтгэх найдварыг Бээжинд төрүүлэх болсон юм. Хятадууд Хонконг, Макаог эргүүлэн авсны дараа тусгаар хэвээр үлдсэн Хятадын сүүлчийн том газар нутаг нь Тайвань болж байна. 1895 онд уг арлыг японууд өөртөө нэгтгэсэн нь үндэсний эмгэнэл байсан, Тайванийг Хятадын бүрэлдэхүүнд эргүүлж авах ёстой хэмээн Бээжин үздэг ажээ.

No comments:

Post a Comment