Wednesday, January 13, 2016

Туркт дахин халдлага гарчээ

Туркийн зүүн өмнөд нутгийн Диярбакир хотод автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч таван хүний аминд хүрлээ хэмээн ВВС мэдээлэв. 36 хүн шархдаж бэртжээ. Дэлбэрэх төхөөрөмжийг цагдаагийн байрны гадаа байрлуулсан байв. Туркийн эрх баригчид Курдистаны Ажилчны намын дайчдыг энэ хэрэгт буруутгажээ. Гэвч одоогоор дээрх халдлагын хариуцлагыг ямар нэг бүлэглэл хүлээгээгүй байна. Хэд хоногийн өмнө Стамбул хотын төвд дэлбэрэлт болж Германы арван жуулчин амь насаа алдсан юм.

Далан сэтэрсэн хэрэгт буруутгав

Бразилийн цагдаа Минас-Жерайс мужид үерийн далан сэтэрсэн хэргээр олборлогч гурван компани, долоон менежерийг хариуцлагад татаад байна. Даланг хариуцдаг Samarco компанийг гол хариуцагчаар татжээ. Тус компанийн хариуцдаг далан сэтэрсний улмаас таван тэрбум долларын хохирол учирсан хэмээн эрх баригчид тооцоолжээ. Харин Samarco компани 260 сая долларын хохирлыг барагдуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард төмрийн хүдэр олборлодог уурхайн хажуугийн далан сэтэрч ойрхон байдаг тосгоныг усанд живүүлсэн юм. 17 хүн амь үрэгдэж, 600 хүн гэр оронгүй болжээ. НҮБ-ын мэдээллээр, сэтэрсэн далангаар гарсан ус хортой байсан аж. Гэвч уурхайг эзэмшдэг компани үүнийг үгүйсгэж байна.

Хятад “Исламын улс”-ын эсрэг тэмцэнэ


БНХАУ “Исламын улс” террорист бүлгийн эсрэг тэмцэлд цэргээ илгээж магадгүй байна. Энэ тухай Washington Times сонин АНУ-ын зэвсэгт хүчний эх сурвалжаас иш татан мэдээлэв. Хэвлэлд бичсэнээр, лалын босогчдын эгнээнд байлдаж буй хятад иргэдийн тоо нэмэгдэж байгаад Бээжин ихээхэн санаа зовниж байгаа аж. Хятадын эрх баригчид “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэж буй АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэлд бус, Сирид цэргийн ажиллагаа явуулж буй ОХУ-тай нэгдэж магадгүй хэмээн мэдээлжээ. Хятад, Норвегийн иргэдийг барьцаалж, цаазалснаа зарласан “Исламын улс” бүлгийг Хятадын удирдагч Си Жинпин эрс буруутгаж байсан билээ. 

No comments:

Post a Comment