Saturday, January 23, 2016



Хойд Солонгосын хэн ч баталж чадаагүй хачирхалтай зургаан нээлт

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хойд Солонгосын тухай мэдээ гарвал ерөнхийдөө цөмийн туршилт, эсвэл өмнөд хөрштэйгээ сайдсан, муудсан тухай байдаг. Гэвч Өмнөд Солонгосын хэвлэл илүү сонирхолтой зүйл мэдээлдэг ажээ. Тэд хойд солонгос эрдэмтдийн итгэмээргүй нээлт, хөгжил дэвшлийн талаар бичдэг ч түүнийг баталж нотлох боломжгүй юм. BBC хараат бусаар батлагдаагүй зургаан нээлтийг сонирхуулж байна.

1.Шартуулдаггүй архи

Pyongyang Times сонин мэдээлж буйгаар, Хойд Солонгосын эрдэмтэд хамгийн сүүлд шартуулдаггүй архи зохион бүтээжээ. Нутгийн хүн орхоодой болон цагаан будаанаас гаргаж авсан шинэ бүтээгдэхүүн нь 30-40 хувийн алкогольтой. Хүн орхоодой нь энэ ундааг анагаах увдистай болгож, шарталтаас зайлсхийхэд тусладаг гэж бичжээ.

2.Тамхинаас гаргадаг шахмал

Хойд Солонгосын эрдэмтэд тамхины эсрэг арга хэмжээний хүрээнд тамхинаас гаргадаг шахмал эм гаргаж авсан тухай гурван жилийн өмнө зарлаж байв. Энэ нь өндөр үр дүнтэй, зөвхөн тамхинаас гаргаад зогсохгүй бие организмаас хорыг гадагшлуулж цэвэрлэдэг хэмээн баталж байна. Мөн л хүн орхоодой болон хэд хэдэн эмийн ургамал орсны зэрэгцээ хавдрын эсрэг үйлчилгээтэй аж. Гэвч Ким Чен Уны сүүлийн үеийн зурагнаас харвал тэрээр шинэ эмийг хэрэглээгүй, тамхиа татсаар байгаа ажээ.

3.Элэгний гайхамшигт эм

Элэгний өвчин, вируст тун өндөр үр дүнтэй эм бэлдмэлийг гаргаж авсан тухай Хойд Солонгосын мэдээллийн агентлаг уламжилжээ. Протопорфирина хэмээн нэрлэсэн биохимийн бүтээгдэхүүн нь цусаар дамжин элгийг анагаах чадвартай. Элэгний вирус, хатуурал болон бусад өвчнийг анагаахад ашиглаж болно хэмээн хойдууд баталж байна.

4.Тархи сэргээгч ундаа

Тархийг сэргээж, шинэ эд эсийн хөгжлийг дэмждэг алим, лийр, гүзээлзгэний амттай нэгэн гаазтай ундааг Хойд Солонгост амтай болгон ярьж байна. Энэхүү “хувьсгалч” шингэнийг оюун ухаанаа сайжруулах, ой тогтоолтоо нэмэгдүүлэхэд ашиглаж болно хэмээн зөвлөж байгаа аж. Мөн энэ шидэт ундаа нь зүрх хаагдах, цус харвахаас сэргийлэхийн зэрэгцээ үрчлээг багасгаж, сэвхийг арилгадаг.

5.Радарт өртдөггүй далдлалт

Нээлтүүд нь зөвхөн анагаах ухаанд хамаарахгүй. Цэргийн машин, техникийг дайсны радараас нуух будгийг зохион бүтээсэн гэж байна. Тэр будаг нь байлдааны машин, техник, буу зэвсэг төдийгүй бүхэл бүтэн барилгыг ч радараас далдалж чаддаг гэсэн мэддээллийг Өмнөд Солонгос олж авчээ. Мөн цэргийн машины хөдөлгөөнийг дууриаж дайснаа төөрөгдүүлэхэд энэ будгийг ашиглаж болдог аж.

6.Интранетэд холбогддог таблет


Шинэ таблет нь интернэтэд бус, харин интранет буюу зөвхөн дотоодын сүлжээнд холбогддог ажээ. Хэрэглэгчид Хойд Солонгосын мэдээллийн агентлаг, төрийн том хэвлэл, сонин, телевиз зэрэг урьдчилан суулгаж өгсөн хуудсуудыг нээж үзэж болно. Уг таблетаар төрийн төв телевизийн нэвтрүүлгийг үзэх боломжтой юм. Хойд Солонгосын иргэд интернэт хэрэглэх эрхгүй тул Youtube, Facebook, Gmail зэргийг мэдэхгүй. Гэвч Angry Birds тоглоход дээрх таблетийг ашиглаж болох ажээ. 

No comments:

Post a Comment