Saturday, January 23, 2016




АНУ-д 18 хүн амиа алдаад байна

АНУ-д цас ихээр орж буйн улмаас 11 мужид онц байдал зарлаж, Нью-Йоркт автомашины хөдөлгөөнийг хориглоод байна. Байгалийн гамшиг аль хэдийнэ 18 хүний аминд хүрээд амжжээ. Нью-Йоркт гурван хүн цас цэвэрлэж байгаад амиа алдсан бол, Виржинид хоёр осгож нас баржээ. 90 сая орчим хүний амьдарч буй газар цасанд дарагдаад байна. Вашингтонд тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсоожээ. Орон нутгийн эрх баригчид ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа аж. Зарим мужид цасны зузаан 70 см-т хүрчээ. Янз бүрийн мужид 200 мянга гаруй хүн гэрэл, халаалтгүй болоод байна.

Брэд Питт, Анжелина Жоли нар Лондон руу нүүнэ

Анжелина Жолигийн найруулсан “Тэнгисийн өмнө” кино Европт нээлтээ хийх гэж байгаа энэ үед Америкийн “Us Weekly” сэтгүүл Холливудын хамгийн зартай хос зургаан хүүхдийн хамтаар Лондон хот руу шилжихээр болсныг зарлалаа. Тэд ирэх гуравдугаар сараас эхлэн Их Британийн нийслэлд зургаан сар амьдрахаар болоод байгаа аж. НҮБ-ын дүрвэгсдийн сайн санааны элч Жоли Европ дахь хүмүүнлэгийн үйл ажиллагаандаа илүү ойр байхын тулд ийнхүү Лондонд амьдрахаар ирж байгаа хэмээн уг сэтгүүлд бичжээ. Одоогоор тэд өнөр гэр бүлдээ тохирсон байр хайж байна. Их Британийн нийслэлд араб гаралтай баячууд их байдаг тул байрны үнэ, түрээс маш үнэтэй байдаг аж. Цуутай хос Маддокс (14 настай), Пакс (12), Захара (11), Шило (9) , ихэр Вивьен, Нокс (7) гэсэн зургаан хүүхэдтэй билээ. “Ийш тийшээ явах, нүүх шийдвэрт хүүхдүүд оролцдог. Найзуудтайгаа уулзаж чадахгүй, санагалзахаар газар очвол бид найзуудыг нь урьж авчрахыг хичээдэг” хэмээн Жоли гурван сарын өмнө ярьж байсан юм.

Мэрайя Кэри тэрбумтантай гэрлэжээ

Америкийн поп од Мэрайя Кэри Австралийн тэрбумтан Жеймс Паркерийн гэрлэх саналыг хүлээж авлаа. Сүй тавих ёслол Нью-Йорк хотод поп-дивагийн дотны найз нөхдийн дэргэд болжээ. Паркер нэг өвдөг дээрээ сөгдөж байгаад алмаазан шигтгээтэй бөгж барихад дуучин “Тийм” хэмээн зөвшөөрсөн байна. Энэ нь аль алиных нь хувьд гурав дахь гэрлэлт нь ажээ. Кэри, Паркер нар хуримын товоо хараахан гаргаагүй байна. Мэрайя Кэри өмнөх нөхөр Ник Кэнноноос (Тэд хоёр хүүхэдтэй) салсны дараахан тэрбумтан австрали эртэй танилцсан аж. Поп одын анхны нөхөр нь дуу бичлэгийн Sony Records компанийн захирал Томми Моттола ажээ.

Нью-Йорк хот 60 сая жуулчдыг хүлээж авчээ

Нью-Йорк хот хүлээж авсан жуулчныхаа тоогоор шинэ дээд амжилт тогтоогоод байна. 2015 онд тус хотод 60 сая жуулчин зочилсон нь урьд өмнө байгаагүй амжилт юм. Нью-Йорк хот сүүлийн зургаан жилийн турш хүлээж авсан жуулчдынхаа тоогоор тэргүүлж байна. Өнгөрсөн онд халдлага, алан хядах ажиллагааны сэрэмжлүүлэг их байсан ч аялагч, жуулчдын тоо өссөн аж. Иргэд, жуулчид, зочдын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа хэмээн дэлхийн нүсэр том хотын эрх баригчид мэдэгдлээ. Хотын дарга Билл де Блазио Нью-Йорк хотыг АНУ-ын хамгийн сэтгэл татам, хамгийн аюулгүй хот хэмээн нэрлэжээ. Британийн The Telegraph сонин 2016 онд заавал зочлох ёстой хотуудын жагсаалтад Нью-Йоркийг оруулсан юм.

No comments:

Post a Comment