“Туркт зорчих жуулчид багасах нь тодорхой боллоо”
Стамбулын Султанахмет төв талбайд уржигдар болсон хүчтэй
дэлбэрэлтэд арван хүн амиа алдаж, 15 хүн шархадсан. Сириэс орж ирсэн цагаач уг
халдлагыг үйлдсэнийг тогтоосон бөгөөд ард нь “Исламын улс” бүлэг байх магадлал
их байна. Туркт юу болоод байна вэ? Энэ талаар улс төрийн тоймч Елена Супонина
ВВС-д ярьж байна.
-Туркийн орчин үеийн түүхэнд энэ нь хамгийн аймшигтай
халдлага биш. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон дэлбэрэлтээр 100 гаруй хүн
амиа алдаж байсан. Сая болсон халдлагад жуулчид өртлөө. Эрдоган өнгөрсөн
арваннэгдүгээр сард сонгуульд арай гэж ялснаас хойш нөхцөл байдал яаж
өөрчлөгдөөд байна вэ?
-Өмнөх террорист халдлагууд Туркийн парламентын
сонгуультай нягт холбоотой байсан. Турк дахь улс төрийн хүчнүүд энэ халдлагыг
зохион байгуулсан гэж таамаглаж байсан. Харин энэ удаагийн халдлага нь Туркийн
дотоодын нөхцөл байдлыг тогтворгүй болгоход чиглэгдсэн болох нь харагдлаа. Эрдоган
энэ бүгдийг засч, залруулахад улам хэцүү болж байна. Турк олон газраараа
хагарч, цуурч байна. Лалын радикалууд болон курдын үндэсний хөдөлгөөний зүгээс
ирэх аюул нэмэгдсэн. Эрдоган курдуудад илүү бие даасан байдлыг амлаж байсан ч дараа
нь тэдний тусгаар тогтнох санаархлаас айсан.
-Сүүлийн үед Туркийн удирдлагыг курдуудын эсрэг тэмцлээ
багасгаж, “Исламын улс” бүлгийг далдуур тэтгэж байна хэмээн буруутгах боллоо.
НАТО-гийн түншүүд ч үүнд таагүй хандаж байх шиг байна..?
-Эрдоган давхар занганд орчихсон л доо. Курдууд
терроризмтэй тэмцэж байна. Сирийн газар нутаг дээр “Исламын улс”-ын эсрэг
тэмцэж буй хамгийн хүчирхэг бүлэг нь курдууд юм. Эрдоган курдуудад зэвсгээр ч
юм уу, эсвэл Турк-Сирийн хилийг нээж туслах ёстой байсан. Анкара курдуудад
зэвсэг өгнө гэж амласан ч үүндээ хүрэлгүй хилээ хааж, тусламж үзүүлэхээ больсон
гэж курдуудын нэртэй зүтгэлтэн Алех Муслим ярьж байна. Курдын зарим хөдөлгөөн
Туркт хориглогдсон Курдистаны Ажилчны намтай холбоотой байдаг тул Эрдоганы
хардлагад өртөж, материаллаг дэмжлэг авч чадахгүй байгаа юм. Нэг талаас,
террористууд Туркийг, түүний аюулгүй байдал, Туркт ирж буй жуулчдыг заналхийлж
байна. Нөгөө талаас, Туркийн удирдлага олон оронд хориглогддог хэт даврагч
бүлгүүдтэй нягт холбоо сүлбээтэй байна.
-Стамбулд болсон халдлагыг Сирийн залуу цагаач үйлдсэн нь
тогтоогдлоо. Ард нь “Исламын улс” бүлэг байгаа гэж үзсэн ч батлагдсан юм алга. “Исламын
улс” бүлэг хаа сайгүй аллага үйлддэг боллоо. Тэгэхээр Турк улс олон фронтод
тэмцэх хэрэгтэй болж байх шиг. Туркт ийм хүч, боломж байна уу?
-Нөхцөл байдал амаргүй байна. Магадгүй Турк хүчин
мөхөстөж ч болно. Хэдийгээр Турк Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөнтэй
холбоотойгоор Оросын хориг арга хэмжээнд орж, турк бизнесмэнүүд гомдоллож
байгаа ч тус улсын эдийн засаг хүчтэй хэвээр байгаа. Туркт зорчдог орос жуулчид
багассан байсан. Одоо Европын жуулчид улам багасах нь тодорхой боллоо. Турк
дахь аялал жуулчлал аюултай болчихлоо. Тэгэхээр Анкара амаргүй цаг үеийг туулах
гэж байна.
No comments:
Post a Comment