“Исламын улс”-ын мөнгөний агуулахыг устгажээ
АНУ-ын нисэх хүчний онгоцууд Иракийн Мосул хот дахь
барилгад цохилт өгчээ. Америкийн тагнуулын албаны мэдээллээр, тус барилгад “Исламын
улс” хэт даврагч бүлгийн ихээхэн хэмжээний бэлэн мөнгө хадгалагдаж байсан аж. Тэр
барилга нь “Исламын улс”-ын янз бүрийн үүр, салбарт мөнгө хуваарилдаг төв
байсан гэж АНУ-ын зэвсэгт хүчний командлалын хэвлэлийн албанаас мэдэгджээ.
Хэдэн сая доллар хадгалж байсан барилга дээр 900 кг-ын
хоёр бөмбөг хаяжээ. Довтолгооны явцад таван хүн амиа алдсан хэмээн мэдээлж
байна. АНУ иймэрхүү чухал байгууламжид цохилт өгч “Исламын улс” бүлгийн хэвийн
ажиллагааг тасалдуулах төлөвлөгөөтэй байна.
Хятадын тэргүүн баян Legendary Entertainment-ийг худалдаж
авлаа
Хятадын тэргүүн баян Ван Жианлиний эзэмшлийн Dalian Wanda
Group Америкийн Legendary Entertainment киностудийг 3.5 тэрбум доллараар
худалдаж авлаа. “Тус студийн бүх кино, оюуны өмчийн эрх манай компанид
харъяалагдах боллоо” хэмээн хятад бизнесмэн ярьжээ.
Legendary Entertainment 15 жил оршин тогтнохдоо Кристофер
Ноланы “Бэтмен”, “Интерстеллар”, “Юрийн галавын ертөнц”, “Час улаан орой”, “300
спартан” зэрэг 50 орчим кино хийж байжээ. Ван Жианлинь 2015 оноос хятадуудыг
хөрөнгө чинээгээрээ тэргүүлэх болсон юм. Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 300 тэрбум
доллараар үнэлсэн байна. Wanda Group-т дэлхийн кинотеатрын томоохон сүлжээнүүд
харъяалагддаг аж.
24 сая хүүхэд сургуульд явж чадахгүй байна
Дайн, байлдаантай байгаа 22 улс оронд 24 сая хүүхэд
сургуульд сурч чадахгүй байна хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдэгдлээ. Дайн,
самуунд эзлэгдсэн улсад амьдарч байгаа хүүхдүүд уншиж, бичиж ч сурах боломжгүй
байгаа нь тэдний ирээдүйг бүрхэг болгож байгаа аж. Өмнөд Судан, Нигер, Судан,
Афганистан, Ирак, Сири зэрэг улсад хүүхдийн боловсрол хамгийн эмзэг асуудал болоод
байна. Мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутагт нийтдээ 250 сая хүүхэд амьдарч байгаа
аж. Өнгөрсөн онд 200 мянган хүүхэд Европ руу дүрвэсэн бол, 30 сая хүүхэд орон
гэрээ орхин явахаас өөр аргагүй болоод байна.
No comments:
Post a Comment