Sunday, January 17, 2016



Орост “шүүгээнээс гарах”-ыг хориглоно

Орос эр ижил хүйстэнтэйгээ унтдаг бол ажил дээрээ амаа хамхиж явах нь өлзийтэй. “Энэ бол хүний эрх” хэмээн гудамжинд гарч хашгирвал торгуулах нь бараг л тодорхой. Гэй, эсвэл лесби байж болно, гэхдээ тэр эрхээ олон нийтийн өмнө тунхаглахгүй байсан нь дээр. Орост ижил хүйстний хандлагыг өөгшүүлж, нийгэмд сурталчлахыг хориглодог. Уран зохиол, хэвлэл мэдээлэл, улс төрд ч гэй туг мандуулж болохгүй. Тэгвэл одоо “ангуучлал” хувь хүн рүү орж магадгүй болов.
Парламент дахь сөрөг хүчин энэ асуудал дээр ямар ч нөлөө үзүүлж чаддаггүй аж. ОХУ-ын Коммунист нам ижил хүйстнүүд “шүүгээнээсээ гарвал” хуулиар шийтгэх санал дэвшүүлжээ. Улаан намын депутат Иван Никитчук, Николай Арефеев нар жам бус чиг хандлага гаргасан иргэнийг 58 еврогоор торгох хуулийн төслийг санаачилсан байна. Уламжлалт бус хандлагаа олон нийтэд зарлавал засан хүмүүжүүлэх төвд 15 хүртэл хоногоор хоригдож магадгүй болов. Дээр саналыг энэ долоо хоногт Думаар хэлэлцэж, ижил хүйстнүүдийг олон нийтийн өмнө үнсэлцэх, жам бус чиг хандлагаа илэрхийлэхийг хориглох бололтой. И.Никитчук гэйүүдийг “өвчтэй, галзуу” гэж үздэг ба оросуудын оюун ухааныг хордуулж, залуусыг нь ялзруулж, төрөлтийг багасгах гэсэн өрнөдийн стратегийг хуулиар таслан зогсоох ёстой хэмээн үзэж байна.
Сэтгүүлчид Кремлийн эрх баригчдаас дээрх хуулийн төслийн талаар асуусан ч тайлбар хийсэнгүй. Ерөнхийлөгч В.Путиний “Нэгдмэл Орос” нам ижил хүйстнүүдийг “чангалах” саналыг дэмжиж байгаа бололтой. Төрийн Думын бүрэн эрхт төлөөлөгч Дмитрий Вяткин хоёр депутатын дэвшүүлсэн саналыг “шаардлагагүй” хэмээн нэрлэжээ. “Левада” төвөөс явуулсан судалгаагаар, оросуудын 37 хувь нь ижил хүйстэн хандлагыг гажуудал гэж үздэг бол, 18 хувь нь тэднийг шүүхээр шийтгэх ёстой гэжээ. Оросын ижил хүйстэн нийгэмлэгийн нэртэй идэвхтэн Ирина Федотова өнгөрсөн зун халдлагад өртөж зодуулсныхаа дараа  Люксембург руу гарчээ. “Би чадахаараа л тэмцсэн. Тэгээд чадахаа болиод  явсан” хэмээн ярилаа.
Human Rights Watch (HRW) байгууллагаас мэдэгдэж буйгаар, 2013 онд ОХУ-д ижил хүйстэн хандлагыг сурталчлахыг хориглосон хуулийг баталсан нь гэй, лесби нарын эсрэг хүчирхийллийг өөгшүүлсэн аж. HRW Оросын 16 хотод судалгаа явуулахад нөхцөл байдал улам дордсон байв. Санкт-Петербургт амьдардаг 26 настай гэй залуу Илья “Бид улам л байх газаргүй болж байна. Биднийг хавчиж, зодож, доромжлохыг хуулиар зөвшөөрчихсөн. Өмнө нь манай хот илүү тэвчээртэй байлаа. Одоо гараасаа бариад гудамжаар явах аргагүй болсон” хэмээн ярив.

“Албаны байр суурь” тодорхой. Гэй, эсвэл лесби байх нь эрүүл бус, амьдралын ийм хэв маяг хүүхдүүдэд хор хөнөөлтэй, тиймээс тэд хүний эрх гэдгээр далайлгаж нийгэмд эрх, байр суурь нэхэх эрхгүй гэдэг аж. Гудамжинд, ажил дээр гэй болон хүүхдийг садар самуунд уруу татагчдыг нэг шуудайнд чихэж орхих нь элбэг. Төрөөс шийтгэл хүлээлгэхээс гадна ард, иргэдийн гадуурхал их байгаа аж.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete