Wednesday, April 27, 2016




Facebook-ийн ашиг хоёр дахин нэмэгджээ

Facebook компани 2016 оны эхний улиралд ашгаа 195 хувиар нэмэгдүүлж чадсанаа мэдэгдэв. Энэ хугацаан дахь цэвэр ашиг 1.5 тэрбумд хүрчээ. Яг нэг жилийн өмнө 512 долларын ашиг олж байжээ. Реклам, зар сурталчилгааны нийт орлого 5.2 тэрбум долларт хүрсэн нь ийнхүү нөлөөлсөн юм. Дэлхийн хамгийн том харилцах сүлжээ болоод байгаа Facebook өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэглэгчдээ 15 хувиар нэмэгдүүлж нэг тэрбум 650 саяд хүргээд байна. Оны эхний улирлын тайланг нийтэлсний дараа тус компанийн хувьцаа есөн хувиар өсчээ. “2016 он бидний хувьд гайхалтай эхэлж байна” хэмээн Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг ярилаа.

Азийн хоёр төлөөлөл хагас шигшээд шалгарлаа

Английн Шеффильд хотын Крусибль театрт болж буй снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун сонирхолтой үедээ ирээд байна. Хятадын тамирчин Дин Жунхуй Английн авъяаслаг тамирчдын нэг Жадд Трампыг 13-3 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарчээ. Шотландын Алан Макманус нутаг нэгт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинсийг 13-11-ээр хожиж хагас шигшээд Жунхуйтай тоглохоор болов. Нөгөө хагас шигшээд Хонконгийн Марко Фу, 2014 оны дэлхийн аварга Марк Селбитэй таарлаа. Тэдний хэн түрүүлж 17 хожсон нь дэлхийн аваргын финалд тоглох болно. Энэ удаагийн дэлхийн аваргын шагналын сан нэмэгдэж, түрүүлсэн тамирчин 330 мянган паундын шагнал авах юм.

Одесст үндэсний гвардийн дайчид иржээ

Украины Одесс мужийн захирагч Михаил Саакашвили Одесст үндэсний гвард буюу Украины тусгай хүчний дайчид ирсэн тухай ярьжээ. “Аль хэдийнэ 300 дайчин ирээд байна. Үлдсэн нь ойрын өдрүүдэд ирнэ” хэмээн тэрээр интернэт хуудсаараа дамжуулан мэдээлэв. “Украинская правда” сонин мэдээлж буйгаар, Одесст “Азов” сумангийн дайчид ирж байгаа аж. М.Саакашвили Украины Ерөнхийлөгч Петр Порошенкод хандаж олон нийтийн эмх журмыг сахиулахад нэмэлт хүч илгээхийг хүссэн юм.
Ирэх тавдугаар сард Одесс хотод томоохон жагсаал, цуглаан болох төлөвтэй байгаа тул үүнээс айсан эрх баригчид зөвшөөрөлгүй жагсаал, цуглааныг хориглосон шийдвэр гаргажээ. 2014 оны тавдугаар сарын 2-нд Украины шинэ эрх баригчдыг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарсны улмаас Үйлдвэрчний эвлэлийн байранд гал гарч 50 хүн амь насаа алдсан билээ. Одесс хотын иргэд энэ үйл явдлыг дурсан томоохон жагсаал хийхээр бэлтгэж байгаа аж. Эрх баригчид урьдчилан сэргийлэх үүднээс цагдаа, тусгай хүчээ ийнхүү зузаатгаж байна.

Австри улс хамгаалалтын хана хэрэм босгох уу

Австри улсын эрх баригчид Италитай залгаа хил дээр хамгаалалтын хана хэрэм босгох боломжийг судалж байна. 400 мерт урт хана хэрмийг Австрийн Тироль мужийг Италийн Өмнөд Тироль мужаас заагладаг Альпийн нурууны Бреннер даваан дээр барихаар төлөвлөж байгаа аж. Гэвч хана хэрмийг Италийн талтай зөвшилцсөний үндсэн дээр барих боломжтой юм. Венийн тал улс оронд орж ирэх дүрвэгч, цагаачдын урсгалыг тогтоон барихын тулд ийм хаалт хийх санаатай байгаа ажээ.

Италийн улстөрч Маттео Ренци “Бреннер даваан дээр хана хэрэм босговол Европын холбооны дүрмийг зөрчиж, нэгдсэн Европын ирээдүйд муугаар нөлөөлнө” хэмээн ярилаа. Итали улс Бреннер даваагаар дамжуулан худалдааны гол түнш Герман улстай холбогддог билээ. 

No comments:

Post a Comment